Яруу найргийн “Оюухай-2026” наадмын шилдэг таван найрагч тодорлоо
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Оюухай-2026” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Оюухай-2026” яруу найргийн наадмыг зохион байгуулсан юм.
Наадамд нийт 68 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 28 найрагч тайзнаа шүлгээ уншиж, авьяас чадвараа сорин өрсөлджээ.
Энэхүү арга хэмжээ нь үндэсний утга зохиолын өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, эх хэл, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн онцлох соёлын үйл явдал болсон байна. Наадмын тэргүүн байрт шалгарч, “Оюухай” алтан цомын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуяг тодорлоо.
Харин дэд байрт залуу яруу найрагч Б.Энэрэл, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, дөрөвдүгээр байрт залуу яруу найрагч П.Намуун, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Гантулга нар шалгарсан байна. “Оюухай-2026” наадам нь Монголын яруу найргийн хөгжилд шинэ өнгө нэмэхийн зэрэгцээ залуу болон үе үеийн найрагчдын бүтээлийг олон нийтэд хүргэсэн утга соёлын томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.