Сиднейд амьдардаг Монгол иргэн өсвөр насны охин хүчирхийлсэн хэргээр хоригдож байна
Австрали улсын Сидней хотод өсвөр насны зорчигч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр "DiDi" үйлчилгээний жолооч, 50 настай, Монгол улсын иргэн Ё овогтой А-г цагдаагийн байгууллагаас баривчлан саатууллаа. Тэрбээр оюутны визээр тус улсад оршин сууж байсан бөгөөд хэрэг гарсны дараа ажлаа хэвийн үргэлжлүүлж байжээ.
Хэрэг явдал 2026 оны зургаадугаар сарын 2-ны өглөөний 07:30 цагийн орчимд Хойд Сиднейн бүсэд гарчээ. Хохирогч болох 17 настай охин ажилдаа явах зорилгоор "DiDi" аппликейшн ашиглан унаа дуудсан байна. Гэвч хөдөлгөөн эхлээд ойролцоогоор 20 минут өнгөрсний дараа жолооч автомашинаа замын хажууд зогсоож, арын суудал руу шилжин зорчигч охинд халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа юу ч болоогүй мэт ажлаа үргэлжлүүлж, бусад хүмүүст үйлчилж байсан байна.
Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын алба хаагчид сэжигтнийг зургаадугаар сарын 3-ны оройн 18:30 цагт Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд өөр зорчигч хүргэж өгөх үед нь дайчлан баривчилсан юм. Түүнийг биед нь гэмтэл учруулах зорилгоор хүнийг хулгайлж саатуулсан, мөн эрх чөлөөг нь боогдуулж хүндрүүлэх нөхцөлтэйгөөр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хоёр ноцтой зүйл ангиар буруутган шалгаж эхэлжээ. Цагдаа нар түүнийг Сурри Хиллс дэх хэлтэст хүргэн байцаалт авсан бол хохирогч охиныг эмнэлгийн нарийвчилсан үзлэгт хамруулсан байна.
Сэжигтнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зургаадугаар сарын 4-ний өдөр болж, шүүгчийн зүгээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан шийдвэр гаргалаа. Ингэснээр тэрээр долдугаар сарын 30-нд товлогдсон дараагийн шүүх хурал хүртэл хоригдох юм. Уг хэрэгтэй холбогдуулан "DiDi" компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, гомдол мэдээлэл хүлээн авсан даруйд тухайн жолоочийн эрхийг системээс бүрмөсөн хаасан болохыг баталгаажуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.