Хүннү хотыг хөрөнгө оруулалт, инновац, логистикийн төв болгоно
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хүннү хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны хаалтын гуравдугаар хурал өчигдөр /2026.06.03/ боллоо.
Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА-тай хамтран 2023 оноос хэрэгжүүлсэн тус төсөл нь Хүннү хот болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, эрх зүй, институцийн орчныг боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн хэрэгжсэн юм.
Хурлын үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, Хүннү хотын хөгжлийн төлөвлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээний талаар хэлэлцэв.
Мөн төслийн үр дүнд боловсруулсан бодлогын санал, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тулгуурлан Хүннү хот болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр оролцогч талууд санал нэгдлээ.
Хүннү хот болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөрөнгө оруулалт татах, экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр логистик, инновацын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн томоохон төсөл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.