Банкны тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Банкны тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монголбанк болон гишүүний ажлын албатай хамтран зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн үргэлжлэл болохыг онцолсон юм. Мөн уг төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт  "2021 оны Банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани болгон өөрчилж, өмчлөлийн төвлөрлийг бууруулах, ил тод байдал болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн" гэдгийг тэмдэглэлээ.

Үүний үр дүнд арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд нэвтэрч, олон нийтээс хөрөнгө татах боломж бүрдсэн байна.

Гэсэн хэдий ч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж харьцангуй бага байгаа нөхцөлд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг хуульд заасан хэмжээнд хүргэхийн тулд ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсээд байгаа аж. Харин зах зээл богино хугацаанд ийм хэмжээний нийлүүлэлтийг шингээх боломж хязгаарлагдмал байгаа тул эрх зүйн зохицуулалтыг бодит нөхцөлтэй уялдуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Хуулийн төсөлд банкны салбарт урт хугацааны, тогтвортой гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын банкууд Монгол Улсад салбар болон охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тодорхой болгох, хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг эрсдэл болон зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттай өөрчлөх, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стратегийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцүүлэгт банк, санхүүгийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, судлаачид, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.