Ч.Санжаадамба аваргаас “жавтий хүртсэн” Д.Тэмүүжин гомдолгүй гэжээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Гавьяа тамирчин, улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох хэргийг хэлэлцсэн юм.
Тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 18-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг “Волт” гэх бааранд Д.Тэмүүжинд халдаж хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Ч.Санжаадамбыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүх хэргийг хүлээн авч, есдүгээр сарын 24-нд хянан хэлэлцээд энэ нь нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэсэн билээ. Улмаар түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хувийн байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.