ШҮҮХ: “Херо” Б.Баатарыг ямар үндэслэлээр цагдан хорих асуудлыг оруулж ирж байгаа талаар мэдээлэл тодорхойгүй тул цагдан хорихгүй

ШҮҮХ: “Херо” Б.Баатарыг ямар үндэслэлээр цагдан хорих асуудлыг оруулж ирж байгаа талаар мэдээлэл тодорхойгүй тул цагдан хорихгүй

“Херо” Б.Баатарыг өнөөдөр ТЕГ-аас баривчилсан. Түүнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр өнгөрөгч гуравдугаар сараас хойш тагнуулыг байгууллагаас шалгаж байгаа юм.

Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй билээ.

Түүнийг 30 хоног цагдан хорих эсэхийг шүүх хурал өчигдөр /2026.10.02/ 13:30 цагт эхлэх товтой байсан боловч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн. Тэрбээр 14:00 цагт тус шүүхийн байранд ирж, улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ. Өнөөдөр шүүх хурлын үеэр Б.Баатар ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг хүлээн авалгүй, буцаасан.

Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй

Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэгдэж дуусчээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
 
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ ...... гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх нөхцөл нь тухайн яллагдагчийг цагдан хорих бодитой, үндэслэл бүхий эрсдэл байгааг хэрэгт авагдсан баримтаар тогтоосон байхыг шаардана.
 
Тус заалтын “гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх” гэдэг нь яллагдагч өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг дахин дүгнэх бус, тухайн яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл өмнө эхэлсэн гэмт хэргийн үйлдлээ үргэлжлүүлэн гүйцээх бодит эрсдэл байгаа талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдсон байхыг ойлгоно.
 
Гэтэл хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч Б.Баатар нь цаашид шинээр гэмт хэрэг үйлдэх, эсхүл холбогдсон гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлдэж төгсгөх бодит эрсдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
 
Өөрөөр хэлбэл яллагдагчийг эрх чөлөөтэй байлгасан тохиолдолд яг ямар гэмт хэргийг дахин үйлдэх, эсхүл яг ямар гэмт хэргийн үйлдлийг үргэлжлүүлэн төгсгөх эрсдэлтэй байгаа, уг эрсдэл нь ямар бодит нөхцөл байдал үүсээд байгааг хангалттай нотолж чадаагүй болно
 
Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг таамаглалд тулгуурлах нь үндэслэл болохгүй тул яллагдагч Б.Баатарт авах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв хэмээн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.