ОХУ Украин руу пуужин болон дроноор томоохон цохилт өглөө
Оросын холбооны улс Украины нутаг дэвсгэрт далавчит пуужин, баллистик пуужин болон дрон ашиглан томоохон хэмжээний агаарын цохилтыг 2026 оны зургаадугаар сарын 1-ний даваа гарагт өглөө.
Энэхүү цохилт нь Киев, Днипро, Харьков зэрэг томоохон хотуудыг бай болгосон бөгөөд Украины тагнуулын байгууллагаас урьдчилан анхааруулж байсан юм.
Уг цохилтын улмаас хамгийн их хохирол амссан хотуудын нэг нь Днипро байв. Мужийн захирагч Александр Ганжагийн мэдээлснээр тус хотод дөрвөн хүн амь үрэгдсэний дотор эмнэлэгт хүргэгдээд шархаа даалгүй нас барсан 73 настай эмэгтэй байна. Мөн 16 хүн бэртэж, 15 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Нийслэл Киев хотод дор хаяж 14 хүн шархадсан бөгөөд орон сууцны барилгын нуранги дор хүмүүс байж болзошгүй хэмээн албаныхан санаа зовниж байна. Харьков хотын хоёр дүүрэгт мөн хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгджээ.
Дэд бүтцийн хувьд ноцтой сүйрэл бий болсон байна.
Киев хотод пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй 24 давхар орон сууцны барилга нурж, есөн давхар барилга шатсан талаар хотын дарга Виталий Кличко мэдэгдэв. Түүнчлэн Подил дүүрэгт орон сууцны бус барилга эвдэрч, Оболон дүүрэгт унасан пуужингийн хэлтэрхийнээс үүдэн автомашинууд болон цэцэрлэгийн ойролцоо гал гарчээ. Днипро хотод хоёр давхар орон сууц хэсэгчлэн нурж, дөрвөн давхар барилгын хэд хэдэн айл ноцтой хохирол амссан байна. Энэхүү халдлагад "Калибр" далавчит пуужин, баллистик зэвсэг болон дронуудыг хослуулан ашигласан нь хохирлын хэмжээг нэмэгдүүлжээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин шөнийн турш улс орон даяар идэвхтэй ажилласан бөгөөд Киевийн мянга мянган оршин суугч метроны буудал, хоргодох байранд хоргодоход хүрсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлага болохын өмнөхөн тагнуулын мэдээлэлд үндэслэн томоохон цохилт ирж болзошгүйг анхааруулж байсан бөгөөд иргэдийг агаарын түгшүүрийн дохиог анхааралтай сонсохыг уриалав. Энэхүү үйл явдал нь 5 дугаар сарын 29-нд Румыны Галац хотод Оросын дрон унаж, НАТО-гийн нутаг дэвсгэрт анх удаа энгийн иргэд хохирсон хэрэг гарсны дараах хурцадмал үед тохиож байна. ОХУ-ын зүгээс Украины дроны цохилтын хариуд "Киевийн шийдвэр гаргах төвүүд болон цэргийн дэд бүтцэд цохилт өгнө" хэмээн урьдчилан мэдэгдээд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.