12 настай охин болж жүжиглэн айлд амьдарсан 37 настай эмэгтэй баривчлагджээ
Бразил улсын Санта Катарина мужийн Жоинвили хотод 12 настай охин болж жүжиглэн, гэр бүлд өргөгдөн 14 сарын турш амьдарсан 37 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Аманда Мариа Соуза Оливейра гэгч нь залилан болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр саатуулагдсан бөгөөд өөрийгөө гэр бүлийн хүчирхийллээс зугтсан "Габриеле" хэмээх охин хэмээн бусдыг итгүүлж чадсан байна.
Гэмт этгээд анх орон нутгийн сүмд хандахдаа хойд бүс нутгаас ирсэн, эцэг эх нь харгис хэрцгийгээр зодож, сатаны зан үйлд ашигладаг байсан хэмээн худал ярьжээ. Сүмийн итгэгчид түүнд санхүүгийн болон орон байрны тусламж үзүүлсний эцэст нэгэн гэр бүл өрөвдөн гэртээ авсан байна. Тэд түүнийг төрсөн охин шигээ хайрлан халамжилж, бүр 12 насны төрсөн өдрийн баярыг нь тэмдэглэж өгснөөр барахгүй хууль ёсоор үрчилж авахаар төлөвлөж байжээ.
Насанд хүрсэн эмэгтэй бага насны хүүхэд шиг харагдахын тулд маш нарийн төлөвлөгөөтэйгөөр жүжиглэдэг байв. Тэрээр угжны савнаас сүү ууж, хүүхдийн соосог хөхөн, шөнөдөө живх өмсөж унтдаг байсан бөгөөд хиймлээр нарийсгасан хоолойгоор ярьж, насанд хүрэгчдээс хамааралтай гэдгээ харуулахын тулд шөнө дунд сандарч тэвдсэн дүр эсгэдэг байжээ.
Бие бялдрын хөгжил гүйцсэн байдлаа тайлбарлахдаа өөрийгөө аутизмтай, мөн хүчирхийлэгч эцэг эх нь багад нь хүчээр дааврын эмчилгээ хийлгэсэн гэж итгүүлсэн байна. Түүнчлэн сургуулийн бүртгэлээр дамжуулан хойд эцэг нь олж мэднэ гэх шалтгаанаар сургуульд сурахаас зайлсхийж чадсан аж.
Энэхүү хачирхалтай залилангийн хэрэг өргөж авсан гэр бүлийн нэгэн хамаатан сэжиглэж, хууль сахиулах байгууллагад хандсанаар илэрчээ. Цагдаа нар шалгалт явуулахад тэрээр хэргээ хүлээсэн бөгөөд Сан Пауло, Рио де Жанейро, Минас Жерайс, Рио Гранди ду Сул, Гояс зэрэг Бразилын олон мужид ижил төстэй гэмт хэрэг үйлдэж байсан цуврал залилагч болох нь тогтоогдсон байна. Өмнөх хэргүүддээ тэрээр сатаны зан үйлд өртсөн гэдгээ "батлахын" тулд өөрийн бие рүүгээ хэдэн арван зүү зоож байсан ноцтой баримт ч ил болжээ.
Уг үйл явдал нь сайхан сэтгэлт хүмүүсийн итгэл үнэмшлийг хэрхэн урвуугаар ашиглаж, нийгмийн халамж, үрчлэлтийн тогтолцоонд ноцтой эрсдэл учруулж болохыг харуулсан тод жишээ болж байгаа аж.
Олон нийтийн дунд цочрол үүсгээд буй уг хэрэгт холбогдогч эмэгтэй одоо хуурамч бичиг баримт ашигласан, бусдын нэр төрийг унагасан, залилан мэхэлсэн зүйл ангиудаар шүүхийн өмнө хариуцлага хүлээх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж:
• tsn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.