Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэд түрээсийн цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүүтер, мопед, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж, зам тээврийн осолд өртөж өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын эрүүл аюулгүй орчинд зорчих эрх зөрчигдөөд байсан бөгөөд хуулиар эрх олгоогүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр бүхий зургаан хуулийн этгээдэд түрээсийн үйлчилгээ эрхэлж, хөдөлгөөнд оролцуулах, талбай ашиглах гэрээ байгуулж үйл ажиллагааг зөвшөөрсөн нь нийслэл хотод их хэмжээний бүртгэлтэй болон бүртгэлгүй скуүтер, мопедыг насанд хүрээгүй бага насны хүүхдүүд болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй иргэд ашиглаж байсан.
Замын цагдаагийн газраас 2026 оны тавдугаар сарын байдлаар гаргасан статистик мэдээллээр сүүлийн нэг жилийн хугацаанд скүүтер, мопед, сурронтой холбоотой ослоор гэмтэж хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35 хувиар өссөн бөгөөд 80 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Үүнд:
-2025 онд Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 94 хэрэг зөрчил
-2026 онд буюу хөдөлгөөн эхэлснээс хойш дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сар хүртэлх хугацаанд мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 124 хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Үүнийг таслан зогсоох, хуулийн дагуу болгох үүднээс Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387, 2026 оны “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжийг тус тус хянаж, хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулан түрээсийн мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох, зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай” хуульд нийцүүлэх, 18 насанд хүрээгүй иргэн ашиглах боломжгүй болгох, явган хүний замаар зорчуулахгүй тохиргоо тохируулга хийх, бүрэн бүртгэлжүүлэх, “Замын хөдөлгөөний тухай” хуульд заасан аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа үйл ажиллагаа явуулах талаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулах болсон байна.
Авлигатай тэмцэх газрын хариу болгож, нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжуудыг 2026 оны зургаадугаар сарын 02-ний өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.