Монгол Улсын иргэн Сиднейд өсвөр насны охинд бэлгийн хүчирхийлэл үйлджээ
Австралийн Сидней хотод "DiDi" дуудлагын таксины үйлчилгээнд явдаг 50 настай, Монгол Улсын иргэн Ёндонлодой овогтой Амарбаясгалан нь 17 настай зорчигч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр өнөөдөр баривчлагджээ.
Оюутны визээр тус улсад оршин сууж байсан тэрээр 2026 оны зургаадугаар сарын 2-ны өглөөний 07:30 цагийн орчимд уг ноцтой гэмт хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байна.
Хэрэг гарах үед сэжигтэн этгээд хойд Сиднейн бүсэд автомашинаа зогсоож, арын суудал руу шилжин сууснаар өсвөр насны охинд халдсан байна. Хамгийн ноцтой нь, тэрээр уг бусармаг үйлдлийнхээ дараа юу ч болоогүй мэт ажлаа үргэлжлүүлэн хийж, бусад зорчигчдод үйлчилсээр байжээ. Энэ нь хохирогчийн аюулгүй байдал болон дуудлагын таксины үйлчилгээний хяналтын тогтолцоонд ноцтой эргэлзээ төрүүлсэн үйл явдал болж байгаа аж.
Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газар шуурхай ажиллаж, зургаадугаар сарын 3-ны оройн 18:30 цагт сэжигтнийг Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд өөр нэгэн зорчигчийг буулгах үед нь саатуулсан байна. Түүнийг Сурри Хиллс дэх цагдаагийн хэлтэст хүргэн байцаалт авсны дараа хоёр үндсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, бусдын биед санаатайгаар гэмтэл учруулах зорилгоор хулгайлан саатуулсан, мөн эрх чөлөөг нь боогдуулж хүндрүүлэх нөхцөлтэйгөөр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх ноцтой зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхийн урьдчилсан сонсгол зургаадугаар сарын 4-ний өдөр болж, шүүгчийн зүгээс Ё.Амарбаясгаланг батлан даалтад гаргахаас татгалзжээ.
Сэжигтэн нь дараагийн шүүх хуралд төрөлх хэлний орчуулагчтайгаар оролцох шаардлагатайг шүүхээс тэмдэглэсэн бөгөөд дараагийн шүүх хуралдааныг 2026 оны долоодугаар сарын 30-ны өдөр товлоод байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.