"Иргэн төвтэй-Эрх зүйн реформ"-ыг хэрэгжүүлнэ
Өнөөдөр Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хэрэгжүүлэх бодлогоо танилцуулан, алба хаагчдад үүрэг чиглэл өглөө. Уулзалтад ШШГЕГ-ын удирдлагууд, Нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл цахимаар оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн эрх зүйт төрийн суурийг бэхжүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, цагдан хорих, баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж байна.
НШШГГ-ын хэлтсүүдийг нийслэлийн есөн дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд НШШГГ-ын хэлтсүүд зургаан дүүрэгт байрлан ажиллаж 2500 гаруй иргэн, явуулын оффисоор 260 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй, алба хаагчдад ч хүндрэлгүй болж өргөдөл гомдлын тоо 17 хувиар буурсныг ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд дурдаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг танилцууллаа.
Цаашид Хууль зүй, дотоод хэргийн салбар "Иргэн төвтэй-Эрх зүйн реформ"-ыг хэрэгжүүлж Хууль зүйн салбарын уялдаа холбоог хангах бодлогын зөвлөлийг ХЗДХЯ-ны дэргэд байгуулан, тулгамдсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, салбарын цахимжилтыг эрчимжүүлэх талаар энэ үеэр хэлэлцлээ.
Сүүлийн таван жил ял эдэлж буй иргэдийн тоо 52.7 хувиар, хорихоос өөр төрлөөр ял эдэлж буй иргэдийн тоо 78.2 хувиар өсжээ. Энэ нь аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд бүх салбар, яам агентлагууд хамтарч онцгой анхаарч ажиллах шаардлага үүссэнийг илтгэж байна.
Салбарын сайд өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчидтай уулзах үедээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуульд заагаагүй албадлага, ялгаварлан гадуурхалт, хүч хэрэглэсэн аливаа үйлдэл гаргахгүй байх, хоригдлыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цахимжуулалт, дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллах үүрэг чиглэл өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.