Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна
Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч суманд Шүлхий өвчний SAT1 хэвшил бүртгэгдэж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Шүлхий өвчний SAT1 шинэ хэвшил нь Африкийн орнуудаас Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсан бөгөөд манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан аймагт 2026 оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан даруйд Мал эмнэлгийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлж, 2026 оны тавдугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн багийг томилон удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Тухайлбал шүлхий өвчний голомтод өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Ингэснээр шүлхийн тохиолдол бүртгэгдсэн сумдтай хил залгаа болон бусад сумдад одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй тайван байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзалт хийж, Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний SAT1 хэвшлийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.