Тайфү хар салхи Японы хэд хэдэн бүсэд хүчтэй нөлөөлнө
Японы Цаг уурын товчоо болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 буюу "Жанми" хар салхи Окинава, Амами бүсийг дайран өнгөрсний дараа Номхон далайн эргийг даган зүүн хойд чиглэлд шилжин хөдөлж байна.
Тайфүн хар салхи зургадугаар сарын 2-нд Кюүшюү аралд, 3-нд Шикокү, Кансай, Токай болон Канто бүсүүдэд хүчтэй нөлөөлөх төлөвтэй байгаа бөгөөд аадар бороо, хүчтэй салхи дагуулахыг анхааруулжээ.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Шикокү болон Кансай бүсэд 24 цагийн хугацаанд 300 мм хүртэл, Токай болон Канто бүсэд 200 мм хүртэл хур тунадас орох магадлалтай байна. Токио хот болон ойр орчмын бүсүүдэд ч богино хугацаанд их хэмжээний бороо орох эрсдэлтэй байгаа аж.
Мөн Окинава болон Өмнөд Кюүшюү орчимд салхины хурд секундэд 50 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бол Японы төв болон зүүн хэсгүүдэд далайн өндөр давалгаа үүсэж, зам тээвэр, нислэг, төмөр замын хөдөлгөөнд саатал гарах магадлалтай байна. Японы Цаг уурын товчооноос хөрсний гулгалт, уулын нуралт, үер усны аюул өндөр байгааг онцолж, иргэдийг цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зааврыг дагаж мөрдөхийг зөвлөжээ.
Япон Улсад тайфүний улирал эхэлж буйтай холбогдуулан тус улсад оршин суугаа болон зорчиж буй монгол иргэд, оюутан залуусыг аюулгүй байдлаа хангаж, албан ёсны мэдээллийг тогтмол авахыг анхааруулж байна. Тайфү хар салхины болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн бэлтгэх, ямар эрсдэлүүд байдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.