Баруун аймгуудын нутгаар халуун, зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн байх төлөвтэй
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал судалгааны хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 7–9 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
Улирлын урьдчилсан төлөвт:
Долоодугаар сар:
Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтайн нутгаар ОЖД–аас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Наймдугаар сар:
Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Есдүгээр сар
Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна. Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.