Түүхэнд анх удаа дөчин найман баг оролцох хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд бэлэн боллоо
Хойд Америкийн гурван улс хамтран зохион байгуулах 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ес хоног үлдээд байна. Энэ удаагийн тэмцээн нь түүхэнд анх удаа 48 баг оролцож, нийт 104 тоглолт явагдах гэж буйгаараа онцлог юм. Нээлтийн үйл ажиллагаа Мексикийн нийслэл Мехико хотын домогт "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тэмцээний албан ёсны нээлтийн тоглолт зохион байгуулагч Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын хооронд өрнөх хуваарьтай байна. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байгаа тул улс тус бүр өөрийн гэсэн нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Канадын нээлт Торонто хотод Босни-Герцеговинагийн эсрэг тоглолтоор эхлэх бол АНУ-ынх Лос-Анжелес хотод Парагвайн шигшээ багтай хийх тоглолтоор үргэлжилнэ.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос багуудын тоог нэмэгдүүлсэн нь олон улсад шинэ боломжуудыг нээж өгсөн байна. Үүний үр дүнд Узбекистан, Йордан, Кабо Верде, Курасао зэрэг улсууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авчээ. Оролцогч багууд бэлтгэлдээ орсон бөгөөд Узбекистаны шигшээ баг АНУ-ын Атланта хотод бэлтгэлийн баазаа байгуулсан бол Австралийн баг Туркийн эсрэг хийх эхний тоглолтдоо анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналду 41 насандаа өөрийн зургаа дахь дэлхийн аваргадаа оролцохоор бэлтгэж байгаа нь онцгой үйл явдал бож байна. Түүнчлэн Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси дэлхийн аваргын түүхэн дэх бүх цаг үеийн мэргэн буучийн амжилтыг эвдэхэд ердөө гурван гоол дутуу байгаа юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жил цаг үрэх үйлдлийг хатуу хянах, улаан хуудасны шинэ зохицуулалт зэрэг хөлбөмбөгийн шинэчилсэн дүрмүүдийг хэрэгжүүлж эхлэхээ мэдэгджээ. Мөн түүхэнд анх удаа шигшээ тоглолтын завсарлагаанаар "Global Citizen" болон "Coldplay" хамтлагтай хамтран тусгай шоу зохион байгуулахаар болсон байна. Сар гаруй хугацаанд үргэлжлэх хөлбөмбөгийн хамгийн том баяр долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Жерси дэх "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх тоглолтоор өндөрлөх юм.
Эх сурвалж:
• news.mn
• time.mn
• urug.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.