Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой 8575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно.
Төсөлд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлээд байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

Баянхошуу орон сууцжуулах төслийн дараагийн ээлжийн 150 айлын орон сууцны барилгын ажил 86 хувьтай байна
Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой. 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой.
Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултуурт хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм.
Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих, хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Сэргэлэн дэд станц 95 хувь, Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай байна
Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм. Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110 КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн. Нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автоз ам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.