Японд шөнө уйлдаг хүүхэдтэй ээжүүдэд зориулсан тусгай кафе нээгдэж эхэллээ
Японд нялх биетэй ээжүүдэд зориулсан "Шөнийн уйлах кафе" буюу "Ёнакигоя" хэмээх шинэ үйлчилгээ дэлгэрч байна. Энэхүү үйлчилгээ нь шөнөөр уйлдаг хүүхдээ саатуулж, нийгмийн болон сэтгэл зүйн дарамтад орсон ээжүүдэд аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд хот суурин газрын хүн амын дунд ихээхэн эрэлттэй байгаа юм.
Уг санаа нь анх 2023 онд цахим орчинд нийтлэгдсэн нэгэн комик зохиолоос сэдэвлэн бодит амьдрал дээр биеллээ олжээ. Японы хот суурин газрын орон сууцнуудын хана нимгэн, хүн ам нягт суурьшсан байдаг тул хүүхэд уйлах нь хөршүүдэд төвөг учруулж, ээжүүдэд нийгмийн зэмлэл мэт хүнд дарамт болдог байна.
Хоккайдо арлын Мэмүро хотод 28 настай Мадока Нозава өөрийн "Ояко но Коя" нэртэй кафены үүдийг ням гарагийн 21:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл ээжүүдэд үнэ төлбөргүй нээдэг байна. Энд ээжүүд гэрийн хувцастайгаа ирж, халуун уух зүйл ууж, хүүхдээ уйлахаас эмээлгүйгээр амарч болдог. Түүнчлэн Ниигата мужид эмэгтэйчүүдийн нэгдсэн бүлгэмээс долоо хоногт нэг удаа шөнийн кафе ажиллуулж эхэлсэн нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээжээ.
Токиогийн Мэдээллийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн профессор Каори Ичикавагийн тайлбарласнаар, төрөөс үзүүлэх халамж үйлчилгээ амралтын өдрүүд болон шөнийн цагаар хязгаарлагдмал байдаг тул хувийн хэвшлийн энэхүү санаачилгыг төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.