Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэл болон санхүүгийн салбарын цаашдын бодлогын талаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ, Монголбанк болон арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр инфляцыг тогтвортой түвшинд хадгалах, төгрөгийн ханшийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанк ажиллаж байгааг онцолсон байна.

Мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөтөлбөрүүдэд банкны салбар санхүүгийн дэмжлэг үзүүлж, ноос ноолуур, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэхэд хувь нэмэр оруулж буйг дурдав.
Тухайлбал, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд банкны салбар 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт тавин ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгч уулзалтын үеэр эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд банк, санхүүгийн салбарын оролцоо чухал болохыг онцолж, эрчим хүч, хүнс, барилгын материал зэрэг стратегийн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатайг тэмдэглэлээ.
Мөн төрийн албаны сахилга, ёс зүй, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Банкны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулсан байна. Уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах зарлигийнхаа дагуу Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод Эзэн Богд Чингис хааны эш хөргийг үндэсний үнэт өв, төрт ёсны бэлгэдэл болгон гардуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.