🔴Х.Баасанжаргал: Өлсгөлөн зарласан хэнийг ч сэжигтэн, яллагдагч гэж харж болохгүй
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал сэтгүүлч л.Баяржаргал цагдан хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарласантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал:
-Энэ асуудалд хуульч гэхээсээ илүү Хүний эрхийн дэд хороог ахалж буй хүний хувьд хандаж байгаа. Өлсгөлөн зарласан хэнийг ч сэжигтэн, яллагдагч гэж харахаас илүүтэй эрхээ хамгаалахаар тэмцэж буй эмзэг нөхцөлд байгаа иргэн гэж үзэж, бүх хянан шалгах ажиллагааг энэ чиглэлд явуулах ёстой.
Хүний эрхийн дэд хорооны зүгээс УИХ-ын гишүүн А.Алтангэрэл тэргүүтэй гишүүдийн хамт 461 дүгээр хорих ангид очиж, нөхцөл байдалтай танилцах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Цагдан хорих шийдвэр гаргасан шүүгчийн захирамж, зөвшөөрөл гарсны дараа Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран тухайн хорих ангид очиж ажиллана.
Хорих ангид ажиллах үеэрээ дотоодын дүрэм журмаас гадна олон улсын гэрээ конвенц, ялангуяа НҮБ-аас гаргасан хоригдлуудтай харьцах жишиг дүрмийн хэрэгжилтэд гол хяналтаа тавина.
Хуурай өлсгөлөн зарлаж буй хүний эрүүл мэндийн хяналтыг ямар эмч, ямар давтамжтайгаар хийж, хяналтын хуудсанд хэрхэн тэмдэглэж байгаад анхаарал хандуулна. НҮБ-ын дүрмийн дагуу өлсгөлөн зарласан иргэн болон эмчийн хооронд итгэлцэл үүссэн байх шаардлагатай. Эмч нарыг ойр ойрхон солихгүй байх зэрэг нарийн зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байгааг шалгана. Өлсгөлөнгийн нөхцөл байдал хүндэрсэн үед дараагийн түвшинд авах арга хэмжээний нарийвчилсан, нууцлал бүхий төлөвлөгөөг урьдчилан гаргасан эсэхийг шалгах шаардлагатай.
Өлсгөлөн зарласан иргэнийг хооллох зайлшгүй шаардлага гарвал өгч буй хоол хүнсний аюулгүй байдлыг маш өндөр түвшинд хянах нарийн стандарт үйлчилдэг бөгөөд эдгээр хүний эрхийн суурь асуудлууд хэрхэн хангагдаж байгаад дэд хорооны зүгээс хяналт тавьж ажиллана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.