Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд “Хайрын гар” арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, өнөөдөр /2026.05.20/ хэрэгжилт, үр дүнг танилцууллаа. Тус аян нь хүүхэд бүрийг хайрлах, хамгаалах, зодож шийтгэхийг таслан зогсоох, эцэг эх, асран хамгаалагчдад эерэг хүмүүжлийн арга барилын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхээр дүүргийн 43 хороодын хамтарсан баг, харьяа хэлтэс, алба, тасаг, ЕБ-ын 37 сургууль, 110 цэцэрлэг, албан байгууллагын дунд зохион байгуулсан юм.

Түүнчлэн дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах 11 дүгээр ангийн сурагчдын дунд зөв хүмүүжил, төлөвшлийг дэмжих, хүүхдүүдийг өөрсдөөр нь дамжуулан үе тэнгийнхэнд нь эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааныг зарласан.

Уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 23 сургууль идэвхтэй оролцож, өөрсдийн авьяас чадвар, хичээл зүтгэлээ шингээсэн уран бүтээлээ ирүүлсэн. Үүнээс:

·         106 дугаар сургуулийн 11В ангийн сурагчид 77.4 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.

Мөн 74, 104, 105, 106, 121, 122, 151, 152, 162, 168,  171, Өнөр цогцолбор сургуулиуд шилдэг бүтээлүүдийн эздээр тодорсон юм.

Хүүхэд бол бидний ирээдүй, улс орны хөгжил дэвшлийн үнэт баялаг билээ. Иймд хүүхэд бүрийг аливаа эрсдэл, бие махбодын болон үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын үүрэг юм. Энэ хүрээнд гэр бүлийн орчин дахь эцэг, эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Би хариуцлагатай аав, ээж” арга хэмжээний нээлтийг өнөөдөр /2026.05.20/ боллоо. Уг арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын мэдлэгийг нь нэмэгдүүлэх, үүрэг, оролцоог сайжруулах, хүүхдийг үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн эерэг харилцаа, зөв хүмүүжлийн талаарх мэдээллийг хүргэх чиглэлээр үе шаттай олон ажлыг зохион байгуулах юм. 

“Хүүхэд хамгаалал-2026” аяны хэрэгжилтийн үр дүнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурч, урьдчилан сэргийлэх ажил тодорхой үр дүнд хүрч байгааг онцоллоо. Хүүхэд хамгааллын үйлсэд хамтран ажиллаж буй байгууллага, албан хаагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид болон идэвхтэй оролцсон сурагчдад талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.