Афганистанд ядуурлын улмаас эцэг эхчүүд хүүхдээ худалдаж байна
Афганистан улсад хүмүүнлэгийн хямрал дээд цэгтээ хүрч, эдийн засгийн гүнзгий уналтын улмаас эцэг эхчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийг амьд авч үлдэхийн тулд хүүхдээ худалдах хүндхэн сонголттой нүүр тулж эхэлжээ.
Олон улсын тусламжийн байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсын нийт хүн амын дийлэнх нь наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй хэмжээнд хүрч, өлсгөлөн болон ядуурал гамшгийн түвшинд очоод байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан тоо баримтаар афганчуудын 75 хувь нь өдөр тутмын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Хэдийгээр өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүн бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарсан ч хүн амын 6.5 хувийн өсөлт нь үүнийг бүрэн үгүй хийжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас 11.6 сая гаруй хүүхдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгааг анхааруулсан бөгөөд энэ онд тав хүртэлх насны 942 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд орох эрсдэл үүсээд байна.
Ажилгүйдэл, эдийн засгийн бүрэн сүйрэл нь охидоо гэрлүүлэх, эсвэл бусдын гар харуулахаар худалдах үзэгдлийг дахин сэргээхэд хүргэжээ. Гэр бүлүүд 6-7 настай охидоо 500-аас 2000 ам.долларын инжээр өгч байгаа бөгөөд энэ мөнгөөр арав гаруй ам бүлтэй айл нэг жилийн хугацаанд идэх гурил, эм тариагаа залгуулж байна.
Тахар муж болон Херат дахь Шахрак-э-Сабз зэрэг алслагдсан бүс нутгуудад байдал хамгийн хүнд байгаа бөгөөд зарим сууринд нийт өрхийн 40 хувь нь хүүхдээ худалдах талаар бодож, эсвэл аль хэдийн ийм үйлдэл хийхэд хүрчээ. Тухайлбал, Тахар мужийн нэгэн гэр бүл өвчтэй хүүхдээ аврахын тулд бүх хадгаламж болох 200 мянган афгани зарцуулсан тул үлдсэн зургаан хүүхдээ тэжээх ямар ч боломжгүй болсон байна.

Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Хөрш зэргэлдээ орнуудаас 2.9 сая дүрвэгч эх орондоо буцаж ирсэн нь хүнсний хомстолыг улам нэмэгдүүлсэн бол гуравдугаар сарын сүүлээр 31 мужийг хамарсан хүчтэй аадар бороо, үерийн гамшиг газар тариалан, дэд бүтцийг сүйтгэж, хүнсний үнийг огцом өсгөсөн байна. Түүнчлэн эцэг эхчүүд хоол нэхэж уйлах хүүхдүүдээ тайвшруулахын тулд хямд үнэтэй тайвшруулах эм, сэтгэл гутралын эсрэг бэлдмэл өгч унтуулж байгаа тухай сэтгэл өвтгөм мэдээллүүд тасралтгүй гарсаар байна.
Олон улсын байгууллагууд үүнийг хүмүүнлэгийн сүйрэл хэмээн тодорхойлж байгаа ч тусламжийн санхүүжилт эрс багассаар байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд нэг тэрбум ам.доллар шаардлагатайгаас 548 сая ам.долларын дутагдалтай байгаа юм. Талибаны засгийн газар хямралыг олон улсын хориг арга хэмжээ, царцаасан хөрөнгөтэй холбон тайлбарлаж байгаа бол "World Vision", "Concern Worldwide" зэрэг төрийн бус байгууллагууд хязгаарлагдмал төсвөөр эмнэлэг, хүнсний яаралтай тусламжийн сангуудыг ажиллуулан амь нас аврахаар тэмцэж байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.