Дуучин Бионсегийн цацагдаагүй дууг хулгайлсан этгээдэд ял оноов
Атланта хотын Фултон каунтигийн дээд шүүхээс дэлхийн супер од Бионсегийн цацагдаагүй дуунууд болон аялан тоглолтын нууц төлөвлөгөөг хулгайлсан 41 настай Келвин Эванст таван жилийн ял оноолоо.
Тэрээр шүүх хурлын өмнөхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёр жилийг нь шоронд, үлдсэн гурван жилийг нь тэнсэн харгалзах ялаар эдлэхээр болсон байна.
Хэрэг өнгөрөгч 2025 оны долоодугаар сарын 8-нд буюу дуучны "Cowboy Carter" аялан тоглолтын хүрээнд Атлантагийн "Mercedes-Benz" цэнгэлдэх хүрээлэнд хийх дөрвөн тоглолтын өмнөхөн гарчээ. Бионсегийн бүжиг дэглээч болон туслах бүжигчин нарын түрээсэлсэн "Jeep Wagoneer" маркийн автомашин руу К.Эванс нэвтэрч, хоёр чемодан хулгайлсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна.
Алдагдсан эд зүйлс дунд Бионсегийн хэвлэгдээгүй, тусгай тэмдэгт бүхий дуунуудтай хатуу дискүүд, тоглолтын нууц төлөвлөгөө, тайзны бичлэг болон дууны жагсаалт багтжээ.

Түүнчлэн "MacBook Pro" зөөврийн компьютер, "AirPods" чихэвч, брэндийн нүдний шил, хувцас зэргийг авсан байна. Цагдаа нар хяналтын камерын бичлэг болон хулгайлагдсан "Apple" төхөөрөмжүүдийн байршил тогтоох системийг ашиглан гэмт этгээдийг илрүүлсэн бөгөөд тэрээр байцаалтын үеэр өөрийгөө "Атлантагийн хулгайчдын хаан" хэмээн нэрлэж байжээ.
Келвин Эванс анх гэм буруугүй хэмээн мэдүүлж, прокурорын санал болгосон ялын тохиролцооноос татгалзаж байсан ч тангарагтны шүүх хурал эхлэхийн өмнө шийдвэрээ өөрчилсөн байна. Шүүгч Жейн С.Барвик түүнд ял оноохын зэрэгцээ тэнсэн харгалзах хугацаанд хохирогчидтой ямар нэгэн байдлаар холбоо тогтоохгүй байх, хэрэг гарсан зогсоолын орчимд очихыг хатуу хоригложээ.
Гэмт этгээд зохих ялаа авсан хэдий ч хулгайлагдсан чемодан, хатуу диск болон цацагдаагүй дууны файлууд өнөөдрийг хүртэл олдоогүй байгааг эрх баригчид шүүх хурлын үеэр онцолсон юм. Энэхүү хэргийн эцсийн шийдвэрийн талаар дуучин Бионсегийн төлөөлөгчид одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.