"Майкл" кино нээлтээ хийснээс хойш 577 сая долларын орлого олжээ
Поп хөгжмийн хаан Майкл Жексоны амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн "Майкл" намтарчилсан уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш ердөө 19 хоногийн дотор дэлхий даяар 577.3 сая ам.долларын орлого олж, кино урлагийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.
Найруулагч Антуан Фукуагийн бүтээл уг кино нь хөгжмийн сэдэвтэй бүтээлүүдийн жагсаалтад тэргүүлэх байр суурийг эзэлжээ.
Уг бүтээл нь АНУ-ын дотоодын зах зээлээс 240.4 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 336.9 сая ам.долларыг тус тус төвлөрүүлжээ. Хойд Америкийн зах зээлд 240 сая долларын босгыг давснаар алдарт "Bohemian Rhapsody" киног гүйцэж, тус бүс нутагт хамгийн их орлого олсон хөгжмийн намтарчилсан кино болсон байна. Харин дэлхийн нийт орлогын хэмжээгээрээ бүх цаг үеийн жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхлэв.
Киноны үйлдвэрлэлийн нийт зардал ойролцоогоор 155-200 сая ам.долларын хооронд хэлбэлзсэн бөгөөд гол дүр буюу Майкл Жексоны дүрийг түүний үеэл дүү Жаафар Жексон чадварлагаар амилуулсан юм. Үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд байсан уг бүтээл нь дөрөвдүгээр сарын 24-нд олон улсын зах зээлд албан ёсоор нээлтээ хийсэн билээ.
Шүүмжлэгчид болон үзэгчдийн үнэлгээ эрс тэс зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. "Rotten Tomatoes" платформ дээр үзэгчдээс 95-97 хувийн өндөр үнэлгээ авсан нь арилжааны амжилтад шууд нөлөөлсөн бол мэргэжлийн шүүмжлэгчдээс дөнгөж 38-40 хувийн үнэлгээг авчээ. Шүүмжлэгчид Жаафар Жексоны жүжиглэлтийг өндрөөр үнэлсэн хэдий ч киноны зохиолыг бодит байдлаас хэт зөөлрүүлж, засварласан хэмээн буруутгасан байна.
Үүнтэй зэрэгцэн дэлхий даяар Spotify, Apple Music зэрэг платформууд дээр Майкл Жексоны дуунуудын хандалт 95 хувиар огцом өсжээ.
Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн томоохон зах зээлүүдэд тус кино одоогоор нээлтээ хийж амжаагүй байгаа бөгөөд эдгээр улсад гарч эхэлснээр киноны ашиг орлогын хэмжээ улам бүр өсөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.