Элон Маск, Тим Күүк нар Трампын БНХАУ руу хийх айлчлалд багтжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны тавдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, тус улсын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр болсон билээ.
Энэ нь сүүлийн есөн жилийн хугацаанд АНУ-ын төрийн тэргүүний Бээжинд хийж буй анхны айлчлал бөгөөд Иран дахь дайн болон Ойрхи Дорнод дахь цэргийн мөргөлдөөний улмаас хойшлогдоод байсан юм.
Цагаан ордноос энэхүү өндөр ач холбогдолтой айлчлалын бүрэлдэхүүнд технологи, нисэх хүчин, санхүүгийн салбарын 16-17 шилдэг гүйцэтгэх захирлыг багтаажээ. Төлөөлөгчдийн дунд нийт 870 тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван тэрбумтан багтсан бөгөөд "Tesla", "SpaceX" компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, "Apple" компанийн удирдагч Тим Күүк нар оролцох юм. Тим Күүкийн хувьд 2026 оны есдүгээр сард албан тушаалаа өгөхөөсөө өмнө бизнесийн стратегийн чухал алхам хийхээр зорьж байгааг эх сурвалжууд онцолж байна.
Түүнчлэн Уолл Стрит болон томоохон корпорациудын төлөөлөл болох Ларри Финк, Стивен Шварцман, Дэвид Соломон, Жэйн Фрейзер зэрэг санхүүгийн салбарын акулууд багтжээ. Мөн "Meta", "Qualcomm", "Visa", "Mastercard" зэрэг технологи, төлбөр тооцооны тэргүүлэгч компаниудын удирдлагууд уригдсан байна.
Харин хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Nvidia" компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг болон эрчим хүчний салбарын удирдлагуудыг энэ удаагийн жагсаалтад багтаагаагүй нь анхаарал татаж байна.
Дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь эдийн засгийн харилцааг тогтворжуулах, худалдааны хэлэлцээр байгуулах, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжихэд оршино. Айлчлалын хүрээнд хүлээгдэж буй хамгийн том үр дүн нь арилжааны нисэх хүчний салбарын гэрээ бөгөөд "Boeing" компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг Хятадын засгийн газартай 500 хүртэлх "737 MAX" болон өргөн их биетэй нисэх онгоц нийлүүлэх түүхэн хэлэлцээрийг эцэслэхээр төлөвлөж байна. Хэрэв уг гэрээ батлагдвал энэ нь түүхэн дэх хамгийн том нисэх онгоцны захиалга болох магадлалтай юм.
Үүнээс гадна хоёр улсын төрийн тэргүүнүүд хөдөө аж ахуй, тэр дундаа шар буурцаг болон эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авах томоохон гэрээнүүдийг зарлах хүлээлттэй байна. Мөн хиймэл оюун ухааны ирээдүй, газрын ховор элементийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх худалдааны дайны эвлэрлийг сунгах зэрэг стратегийн чухал асуудлуудыг хэлэлцэх нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.