Австри улсын Вена хотноо Евровижн дууны тэмцээн албан ёсоор эхэллээ
Австри улсын нийслэл Вена хотноо 70 дахь удаагийн "Евровижн" дууны тэмцээний үндсэн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнгөрсөн онд "Wasted Love" дуугаар ялалт байгуулсан тус улс түүхэндээ гурав дахь удаагаа Европын хамгийн том хөгжмийн наадмыг эх орондоо хүлээн авч байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болох "Оюу өнгөт хивсний ёслол" Ратхаусплац талбайд амжилттай болж өнгөрөв. Бургтеатраас эхлэн 200 метр үргэлжлэх тусгай хивсэн дээгүүр нийт 35 орны төлөөлөгчид алхаж, цугларсан олон мянган хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндчилсэн байна. Мөн энэ талбайд байрлах "Eurovision Village" хотхонд долоо хоногийн турш өдөр бүр шууд нэвтрүүлэг, урлагийн тоглолтууд тасралтгүй үргэлжлэх юм.
Винер Штадтхалле цэнгэлдэх хүрээлэнд эхний хагас шигшээ тоглолтын шүүгчдийн үзлэг явагдаж, оролцогчид тайзны бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн үндсэн тайзыг Виктория Сваровски болон Михаэль Островски нар хөтлөх бол "Green Room"-ын хөтлөгчөөр Эмили Басвайн ажиллаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Вена хотын хамгийн том шөнийн клуб болох "Prater Dome"-д "EuroClub"-ын нээлтийн үдэшлэг болж, Австралийн төлөөлөгч Дельта Гудрем хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзалт хийжээ.
"Хөгжмөөр нэгдэх" уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн наадамд Болгар, Молдав, Румын улсууд эргэн ирсэн нь онцлог үйл явдал боллоо. Харин Исланд, Ирланд, Нидерланд, Словени, Испани зэрэг орнууд энэ удаагийн өрсөлдөөнийг өнжиж байна. Нийт 35 улсын уран бүтээлчид шилдэг дууны төлөө өрсөлдөнө.
Өмнө нь 1967 болон 2015 онуудад уг тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай Вена хот дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. Тэмцээний эхний хагас шигшээ тоглолт маргааш буюу тавдугаар сарын 12-нд, хоёрдугаар хагас шигшээ 14-нд болох бол ялагчийг тодруулах Гранд Финал 16-ны өдөр дэлхий даяар шууд цацагдах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.