Ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид 1800 мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнөөр нэгдэн, хаврын мод тарих өдөрлөгийг 2026 оны тавдугаар сарын 09-ний өдөр "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-д амжилттай зохион байгууллаа.

Мод тарих аянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, "Цагаан алт" ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.
Мөн ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл болон тус хөдөлгөөнийг хамтран хэрэгжүүлэгч арилжааны банкуудын төлөөлөл идэвхтэй оролцсон юм.
Өдөрлөгт "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй аж ахуйн нэгжийн 500 орчим төлөөлөл нэгдэв.
Өдөрлөгийн хэмжээнд нийт 2,700 мод тарьснаас хөнгөн үйлдвэрийн салбарынхан 1,800 модыг шинээр суулгаж, байгаль эхээ нөхөн сэргээх үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 гаруй сая мод шинээр тариад байна.
Энэхүү арга хэмжээ нь салбарын үйлдвэрлэгчид зөвхөн "Цагаан алт" буюу малын гаралтай түүхий эдээ боловсруулж эдийн засгаа тэлээд зогсохгүй, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд нэгдмэл хүчээр оролцож буйн тод илрэл болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.