Сириэс буцаж ирсэн Австралийн иргэдийг терроризм болон боолчлолын хэргээр баривчлав
Сирийн зүүн хойд хэсэгт байрлах Аль-Рож хуарангаас Австралийн 13 иргэн буюу дөрвөн эмэгтэй, есөн хүүхэд эх орондоо 2026 оны тавдугаар сарын 7-ны пүрэв гарагт буцаж ирлээ.
Тэд Доха хотоос Катарын агаарын тээврийн хоёр тусдаа нислэгээр Мельбурн болон Сидней хотод газардсан бөгөөд энэ үеэр Австралийн Холбооны цагдаа болон терроризмтой тэмцэх багийнхан гурван эмэгтэйг боолчлол, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, терроризмын ноцтой хэргээр баривчилсан байна.
Эдгээр баривчилгаа нь Исламын улс бүлэглэлийн хяналтад байсан газар нутагт үйлдэгдсэн харгислалд иргэд нь оролцсон эсэхийг тогтоох чиглэлээр Австралийн эрх баригчдын сүүлийн арван жилийн турш явуулсан нарийн төвөгтэй мөрдөн байцаалтын үр дүн юм.
Мельбурн хотын нисэх онгоцны буудлаас 53 настай Кавсар Аббас болон түүний охин болох 31 настай Зейнаб Ахмад нарыг саатуулжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Кавсар Аббас нь 2014 онд гэр бүлийн хамт Сири рүү явсан бөгөөд 10 мянган ам.доллароор эмэгтэй боол худалдан авч, гэртээ байлгасан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Эх, охин хоёрын үйлдсэн боолчлолын гэмт хэрэг батлагдвал дээд тал нь 25 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай байна.
Харин Сидней хотын нисэх онгоцны буудалд хүүгийнхээ хамт газардсан 32 настай Жанай Сафарыг мөн адил баривчилсан байна.
Тэрээр 2015 онд Исламын улс бүлэглэлийн дайчин нөхөртэйгөө нийлэхээр Сирийг зорьсон хэмээн буруутгагдаж байгаа юм. Түүнд хууль ёсны шалтгаангүйгээр мөргөлдөөнтэй бүс нутаг буюу Ракка хотод нэвтэрсэн, террорист байгууллагын гишүүн байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эдгээр гэмт хэрэг тус бүр нь дээд тал нь арван жилийн хорих ялтай аж. Харин тэдэнтэй хамт ирсэн дөрөв дэх эмэгтэйг одоогоор баривчлаагүй байна.
Эмэгтэйчүүдтэй хамт ирсэн есөн хүүхдийн хувьд хүчирхийлэл, хэт даврах үзлийн эсрэг чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэх тусгай хөтөлбөрт хамрагдах юм. Эдгээр хүүхдүүдийн зарим нь Сирийн саатуулах хуарангийн хүнд нөхцөлд төрж, бүхий л амьдралаа тэнд өнгөрүүлсэн байна.
Баривчлагдсан гурван эмэгтэй тавдугаар сарын 8-ны баасан гарагт Мельбурн болон Сидней хотын шүүхэд анхны мэдүүлгээ өгөх хуваарьтай бөгөөд энэ нь олон улсын терроризмтой тэмцэх үйл хэрэгт чухал жишиг болох хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.