Оросын фронтод амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдийн тоо ил болов
БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо Орос, Украины дайнд амь үрэгдсэн хойд солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор нээлтээ хийхтэй зэрэгцэн, тус улсын хүлээсэн хохирлын бодит хэмжээ анх удаа ил болжээ.
Дурсгалын цогцолборын нээлтийн үйл ажиллагаа 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны ням гарагт болсон бөгөөд ёслолын үеэр Ким Жон Ун амь үрэгдсэн цэргийн шарил дээр шороо цацаж, цэцэг өргөсөн байна.
Түүнтэй хамт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Төрийн Думын дарга Вячеслав Володин нар байлцсан юм. Хойд Солонгосын удирдагч амь үрэгдсэн цэргүүдийг "баатарлаг зоригийн бэлгэдэл" хэмээн магтан сайшааж, Пхеньян болон Москвагийн хооронд цусаар гагнагдсан холбоо нь барууны ноёрхлын эсрэг хүчирхэг бамбай болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Энэхүү хөшөө нээгдэх хүртэл Хойд Солонгосын цэргийн хохирлын албан ёсны тоо баримт нууц байсан юм.
Харин "NK Pro" агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр дурсгалын багана дээр нийт 2288 цэргийн нэр сийлэгдсэн болохыг тогтоожээ. Украины тагнуулын албаны мэдээлснээр Пхеньян нийт 14,061 цэргийн албан хаагчийг Орос руу илгээснээс 7058 нь тулаанд өртөж, үүний 2251 нь амь үрэгдэж, 4800 гаруй нь шархадсан байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мөн үүнтэй ижил төстэй тооцоолол гаргаж, 15,000 орчим цэрэг дайчилснаас 2,000 орчим нь амиа алдсан гэж мэдээлж байв.
Цэргийн шинжээчид болон тагнуулын албаныхны үзэж байгаагаар Хойд Солонгосын цэргүүд газар орны нөхцөл байдалд дасаагүй, орчин үеийн нисгэгчгүй нисдэг тэрэг, их бууны дайны туршлага дутмаг байсны улмаас эхний үедээ ийнхүү хүнд хохирол амсжээ. Түүнчлэн, Украины талын тайланд дурдсанаар, Ким Жон Ун цэргүүдээ олзлогдохоос сэргийлж, амиа хорлохыг шаардсан хатуу бодлого хэрэгжүүлсэн нь амь үрэгдэгсдийн тоо өсөхөд нөлөөлсөн байж болзошгүйг анхааруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.