Хүмүүнлэгийн өдрийг "Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе" уриан дор тэмдэглэнэ
Засгийн газраас албан ёсоор баталсан "Хүмүүнлэгийн өдөр"-ийг энэ жил "Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Жил бүрийн тавдугаар сарын 8-нд тохиодог уг өдөр нь 1948 оноос хойш олон улсад тэмдэглэж ирсэн Дэлхийн Улаан загалмай, Улаан хавирган сарны өдөртэй давхцан тохиодог бөгөөд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах, сайн дурын идэвхтнүүдэд талархал илэрхийлэх гол зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм
Улаан загалмай нийгэмлэгээс энэ сарын 4-нд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргасан байна. Энэ оны аяны хүрээнд хүмүүнлэгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлд иргэдийг бэлтгэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлжээ.
Одоогийн байдлаар тус байгууллага нь 75,000 орчим гишүүнтэйгээр хүүхэд, залуучуудын дунд нөлөөллийн ажлуудыг идэвхтэй өрнүүлж байна.
Тус байгууллага нь анх 1939 оны дөрөвдүгээр сарын 30-нд байгуулагдаж, 1959 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн холбоонд гишүүнээр элсэж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр дорвитой ажлууд хийсний дотор зудын гамшигт өртсөн 10,000 гаруй малчин өрхөд 7.1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, хүнс, малын тэжээлийн тусламж үзүүлсэн нь энэхүү өдрийн бодит үр дүнг харуулж байна.
Маргааш буюу тавдугаар сарын 8-ны өдөр 21 аймаг, 9 дүүргийн салбар хороод хамтран улс орон даяар хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр үйл ажиллагаа нь сайн дурынхны хөдөлмөрийг алдаршуулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд цаашид хүмүүнлэгийн үйлсэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.