Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Хан Дог Сүгийн ялыг хөнгөрүүллээ
Өмнөд Солонгосын Сөүл хотын дээд шатны шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан Хан Дог Сүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон 23 жилийн хорих ялыг 15 жил болгон бууруулах шийдвэр гаргалаа.
Тэрээр 2024 оны сүүлээр гарсан төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэргээр ял эдэлж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх түүний ялыг найман жилээр хөнгөрүүлсэн байна.
Өдгөө 76 настай Хан Дог Сү нь Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын 2024 оны 12 дугаар сард зарласан "дайны байдал"-тай холбоотой үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгагдсан юм. Тодруулбал, тэрээр Засгийн газрын хуралдааныг зохион байгуулж дайны байдал зарлах үйл явцыг хууль ёсны мэт харагдуулахыг оролдсон, хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахилгаан, усыг таслах тушаал өгсөн, мөн төрийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг үндсэн заалтуудаар буруутайд тооцогдсон хэвээр үлджээ.
Сөүлийн дээд шүүхээс түүний ялыг хөнгөрүүлэх болсон хэд хэдэн үндэслэлийг тайлбарласан байна. Хамгийн гол нь түүнийг төрийн эргэлтийн үйл ажиллагааг урьдаас төлөвлөж, системтэйгээр удирдсан гэх хангалттай нотлох баримт байхгүй бөгөөд зөвхөн Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг дэмжиж оролцсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Түүнчлэн түүний төрийн албанд 50 гаруй жил тасралтгүй ажилласан туршлага, улс орондоо оруулсан гавьяа зүтгэлийг харгалзан үзсэнээс гадна анхан шатны шүүхээс хуурамч мэдүүлэг өгсөн гэж үзсэн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ерөнхий сайд асан 2026 оны нэгдүгээр сард анхан шатны шүүхээс ял сонссоноосоо хойш хорих ангид саатуулагдаж байгаа юм. Хэдийгээр ялын хэмжээг бууруулсан ч түүний өмгөөлөгчдийн баг энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд дахин давж заалдахаа албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү шүүхийн үйл явц нь Өмнөд Солонгосын орчин үеийн түүхэнд гарсан улс төрийн хамгийн томоохон хямралуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Уг хэргийн гол буруутан болох Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл төрийн эргэлт хийхийг завдсан хэргээрээ бүх насаараа хоригдох ял сонсоод байгаа бөгөөд цаашид дээд шүүхийн эцсийн шийдвэр хэрхэн гарах нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.