Хоёр нярайн цогцсыг ахуйн хөргөгчид хоёр жил хадгалж байгаад хөдөөлүүлсэн хэрэг гарчээ
Орон нутагт цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил албаны байранд ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлсэн хэрэг гарчээ. Шүүх шинжилгээний байгууллагын өнөөгийн нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй байгаа талаар ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025-2026 онд Шүүх шинжилгээний ерөнхий газрын нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймаг, дөрвөн сум дахь нийт 33 нэгжид хяналт шалгалт хийж, 1000 гаруй алба хаагчтай ярилцлага зохион байгуулжээ.
Шалгалтын дүнгээр хүний биед үзлэг, шинжилгээ хийж буй орчин нөхцөл нь хүний эрх зөрчиж байгааг онцоллоо. Тухайлбал, ашиглалтын хугацаа дууссан, стандарт шаардлага хангахгүй байранд үзлэг, шинжилгээ хийж байгаа нь хохирогчийн эрхийг зөрчиж, хүнлэг орчинд үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байгааг дурджээ.
2025 оны байдлаар орон нутагт хүний биед хийсэн 1024 шинжилгээ шаардлага хангаагүй орчинд явагдсан бөгөөд үүнээс 160 орчим нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой, 79 нь насанд хүрээгүй хохирогчидтой холбоотой байсан талаар мэдээлэв.
ХЭҮК үүнийг “хохирогчийг дахин хохироож буй нөхцөл” хэмээн дүгнэсэн байна. Мөн шүүх шинжилгээний байгууллагын ажилтан, алба хаагчдын хөдөлмөрлөх орчин ноцтой түвшинд хүрснийг тайланд дурджээ. Архив хадгалах зориулалтын байргүйгээс нотлох баримт, хувийн эмзэг мэдээллийг шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байгаа аж. Зарим орон нутагт шинжээч эмч нар ажиллах байр, лабораторигүйгээс цалингийнхаа тал хувийг түрээсийн байранд зарцуулдаг байна.
Шинжээч эмч, туслах ажилтнууд цогцостой ажиллах, таниулах, салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг өндөр ачаалалтай гүйцэтгэж байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэлзүйн хамгаалалт хангалтгүй хэвээр байгааг мөн дурдлаа.
ХЭҮК-ийн шалгалтаар Монгол Улсын 365 сум, аймгийн моргтой танилцахад хөргүүрийн стандарт хангаагүй, зарим тохиолдолд цогцсыг даавуунд боон гадаа хөлдөөсөн байдалтай хадгалж байсан зөрчил илэрсэн байна.
Орон нутгийг таван бүсэд хувааж шүүх шинжилгээний ажил явагддаг. Үүнд Дорнод, Дархан-уул аймаг стандартын шаардлага харьцангуй хангасан нөхцөл үйл ажиллагаа явуулж байна. Харин Өвөрхангай, Дорноговь, Ховд гэх мэт аймгууд стандартын шаардлага хангаагүй газар үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн шүүх шинжилгээний байгууллага 105 орон тооны дутагдалтай ажиллаж байгаа нь алба хаагчдын ачааллыг эрс нэмэгдүүлж, зарим үед 24/24 цагаар ажиллах нөхцөл үүсгэж байгааг дурдав. Энэ нь тэдний хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг ноцтой зөрчиж байна. Шүүх шинжилгээний шинжээч эмч гэдэг тусгай мэргэжил эзэмшсэн, сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн, ажлын ачаалалгүй, ажиллах орчин нөхцөлөөр бүрэн хангагдаж байж үзлэг шинжилгээг үнэн, зөв хийж хохирогчийн эрхийг хамгаална гэж үзэж байна.
Улаанбаатар хотын төвд цогцостой ажиллах байр байгууламж, лабораторийн хувьд хангалттай хангагдсан ч дүүрэг болоод орон нутагт хангалтгүй байна. Ирээдүйд энэ байгууллагыг шаардлага хангасан, хот хөдөө гэж ялгалгүйгээр үйл ажиллагаа явуулж, хохирогчийн хэрэг үнэн зөв шаардагдахад нэн шаардлагатай.
ХЭҮК-оос шүүх шинжилгээний байгууллагын орчин, тоног төхөөрөмж, хүний нөөц, архив хамгаалалт болон орон нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал-д 16 санал, шаардлага хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.