Кремль төрийн эргэлтээс болгоомжилж Путины аюулгүй байдлыг чангатгажээ
Европын тагнуулын байгууллагын нууц баримт алдагдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины аюулгүй байдлыг эрс чангатгасан болохыг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
CNN, Financial Times болон Оросын хараат бус iStories эрэн сурвалжлах сэтгүүлийн олж авсан уг баримтад дурдсанаар, Кремлийн дотоодод төрийн эргэлт гарах, нууц мэдээлэл алдагдах болон ойрын хүрээллийнхэн нь халдлага үйлдэх эрсдэл нэмэгдсэн тул ийнхүү хамгаалалтын онцгой дэглэмд шилжжээ.
Хамгаалалтын дэглэмийг өөрчлөх гол шалтгаан нь өндөр албан тушаалтнуудын амь насанд халдсан хэргүүдтэй шууд холбоотой байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Москва хотноо дэслэгч генерал Фанил Сарваровын амь насыг хөнөөсөн явдал нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов болон Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) дарга Александр Бортников нарын хооронд зөрчил үүсгэжээ. Үүний зэрэгцээ, улс төр, цэргийн өндөр дээд албан тушаалтнууд нисгэгчгүй нисдэг тэрэг ашиглан өөрийнх нь амь насанд халдах вий гэх болгоомжлол Ерөнхийлөгчийн зүгээс ихээхэн гарах болсон байна.
Кремлийн эрх баригчид Батлан хамгаалахын сайд асан, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгуг төрийн эргэлт хийж болзошгүй гол аюул хэмээн үзэх хандлага нэмэгджээ. Түүний цэргийн командлалд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа бөгөөд ойрын холбоотон, нэгдүгээр орлогч асан Руслан Цаликовыг авлига, мөнгө угаасан хэргээр баривчилсан нь үүний нэг илрэл юм.
Тагнуулын тайланд энэхүү баривчилгааг Оросын элитүүдийн дунд оршин байсан "аюулгүй байдлын албан бус баталгаа"-г зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон бөгөөд цаашид Шойгу өөрөө ч эрүүгийн хариуцлагад татагдах магадлалтайг онцолжээ.
Аюулгүй байдлын үүднээс төрийн тэргүүний хөдөлгөөнийг эрс хязгаарлаж, Москвагаас алслагдсан Хар тэнгисийн эрэг дэх Краснодарын хязгаарт байрлах тусгайлан тоноглосон нуувч руу шилжүүлсэн байна. Тэрээр гэр бүлийн хамт Москва орчмын болон Валдай дахь зуслангийн өргөөндөө очихоо больсон төдийгүй энэ он гарснаас хойш нэг ч цэргийн байгууламжид биечлэн очоогүй аж. Харин олон нийтэд хэвийн байдлыг харуулахын тулд төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний өмнө нь урьдчилан бичүүлсэн дүрс бичлэгүүдийг тогтмол ашиглах болжээ.
Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэг бүхий Холбооны хамгаалалтын албанд (ФСО) онцгой эрх мэдэл олгож, өдөр тутмын үйл ажиллагаанд сөрөг тагнуулын хатуу хяналт тогтоосон байна. Кремль болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэвтрэх аливаа зочин биеийн нэгжлэг зэрэг хоёр үе шаттай шалгалтад орох шаардлагатай болжээ.
Түүнчлэн ойрын хүрээллийн ажилтнууд зөвхөн интернэтгүй гар утас ашиглах, тогооч, бие хамгаалагч нар нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хориглосон бөгөөд тэдний гэрт хяналтын камер суурилуулсан байна. Мөн нийслэл хотын хэмжээнд тусгай нохойтой эргүүл гаргаж, Москва голын дагуу хяналтаа чангатган, зарим бүс нутагт харилцаа холбооны сүлжээг үе үе таслах арга хэмжээ авч эхэлжээ.
Эдгээр онцгой арга хэмжээ нь Украин дахь дайны мухардал, эдийн засаг, нийгмийн хурцадмал байдал болон Оросын гүн дэх цэрэг, газрын тосны байгууламжуудад чиглэсэн нисгэгчгүй нисдэг тэрэгний цохилтууд зэргээс үүдэлтэй нийтлэг тогтворгүй байдлын шууд тусгал болж байна. Цаашид Кремлийн дотоод дахь үл итгэлцэл улам гүнзгийрч, эрх мэдлийн төлөөх тэмцэл болон өндөр албан тушаалтнуудын дундах цэвэрлэгээ үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.