Ж.Алдаржавхлан: Жамухынх хэмээх алтан бүс нь нотлогдоогүй зөвхөн таамаглал төдий
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Жамухынх хэмээх алтан бүсний талаар дараах тайлбарыг хүргэжээ.
Тэрбээр “Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймагт ажилласан Д.Наваан ахлагчтай баг бүрэлдэхүүн 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт орших жижгэвтэр булшийг малтан судалжээ. Булшийг 1.7м орчим малтахад толгой тал руу нь хөмөглөн талийгаачийг байрлуулсан оршуулга илэрсэн. Талийгаачид үйсэн хоромсого, сум, төмөр хутга, хос дөрөө тогооны хагархай хэсэг дагалдуулж, алтан бүс зүүлгэн оршуулсан байв.
Археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан. Шинжлэх ухааны баримт нотолгоогоор бүрэн гүйцэт батлагдаагүй, зөвхөн таамаглал төдий юм. Зарим эрдэмтэд газар орны байдал, булшнаас гарсан эд өлгийн зүйлсийг харьцуулан судлаад Түрэгийн цаг үеийн булш байх боломжтой талаар таамаглал дэвшүүлдэг. Алтан бүс Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түр гэрээгээр Чингис хаан музейн үзүүлэгт дэлгэгдсэн. Оршуулгын бусад олдвор /хүний яс, төмөр эдлэлүүд, судалгааны дээжүүд/-үүд Монгол Улсын Их Сургуулийн археологийн тэнхимд хадгалагдаж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.