СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2023-11-16

🔴FACT CHECK: “ЖАНЖИН” хэмээх Д.Эрдэнэбилэг нар эх орноо хэрхэн тонон дээрэмдэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн “Улс төрч дараагийн сонгуулийг бодож ажлаа хийдэг, харин төрийн зүтгэлтэн дараагийн үеийг бодож ажлаа хийдэг” хэмээх алдартай үг бий. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Улс төрч бусдад таалагдахыг хичээнэ. Төрийн зүтгэлтэн таалагдахын сацуу үлдэцтэй зүйл хийхийг хичээнэ. Эхнийх нь их амар, сүүлийнх нь их хэцүү” гэж хэлсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний кабинетийн гишүүдэд төрийн зүтгэлтэн болж түүхэнд үлдэнэ гэсэн бодол байхгүй л болов уу. Юутай ч хамгийн хэцүүг нь барьж авсан байгааг нь харваас дараагийн үеэ бодож ажиллаж байх шиг ээ. Энэ нь тэдний авлигатай тэмцэж байгаа тэмцлээс харагдаж байна. Бүгд авлигыг үзэн яддаг ч энэ удаагийн Засгийн газар шиг далайцтай ажиллаж байсан нь үгүй л болов уу.

30 жил төр болон хуулийн дээр гарчихаад байгаа авлигачидтай тэмцэж, тэдний ард түмний боломжоос луйвардсан хөрөнгийг төрийн санд оруулж чадвал “Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин тэлнэ” хэмээн Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. 2024 оны манай улсын жилийн төсөв 27 их наяд төгрөг гэхээр авлигачид биднээс төсөөлөхийн аргагүй их мөнгө идсэн болж таараад байгаа юм.

Бага гарын хулгайч хүний үнэтэй цайтай зүйлийг хулгайлдаг бол, их гарын хулгайч хуулиар халхавчлан ард түмний боломж, хөрөнгийг ирээдүйтэй нь хамт хулгайлдаг юмсанж.

Үүний нэг тод томруун жишээ нь ХХБ-ны эзэн, “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг болоод байна.

30 жилийн хугацаанд төрөн гарсан хамгийн их гарын луйварчин гэж түүнийг шууд нэрлэж болно. Зах зээлийн үл үзэгдэх гар гэдэг шиг түүний талаар олон арван домог шиг зүйл яригддаг. Ойр тойрныхон нь түүнийг “Жанжин” хэмээн нэрлэх ба “Жанжинд бараалхана” хэмээн ХХБ-ны тавдугаар давхар руу явдаг байсан гэх. ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж нэг удаа “Эзнээ хараад үхэх юмсан” хэмээн хэлж байсан удаатай. Д.Эрдэнэбилэгийг “Женко” Х.Баттулгын жолооч байсан л гэх. Баривчлагдах хүртэл нь түүний царай зүсийг жирийн хүмүүс байтугай олны танил хүмүүс хараагүй л байв. Ер нь ийм хүн байдаг эсэх нь ч бүрхэг байдаг байсан гэхээр кинон дээрээс харж байсан хар тамхины картелийн босс шиг төсөөлөгдөнө.

“Женко” тэр хоёрын аливаа юманд хандах хандлага ерөнхийдөө адилхан. Үгийг нь сонссон хэнбугайд ч “яах аргагүй үнэн зүйл яриад байна” гэж бодогдоно. Тухайлбал, Д.Эрдэнэбилэг “Улаан бал” нэвтрүүлэгт ороод “Монгол Улсын ирээдүй бол аж үйлдвэр. Би аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босгохын төлөө ажилласан. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь алийн болгон гаргах юм бэ. Үйлдвэр барьж нэмүү өртөг шингээх ёстой” гээд ярихаар “нээрээ л тийм дээ” гэж бодон нулимс унагамаар.

Гэвч наанаа сахиусан тэнгэрийн дүртэй ч, цаанаа албин чөтгөрийн явдалтай. Үргэлж зөвийг яриад, үргэлж мууг үйлдэнэ. Бальзакын Гобсек шиг сэтгэлийг нь баясгах зүйл эд хөрөнгөнөөс өөр зүйлгүй этгээд.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хэрэг, Хөтөл “Цемент шохой” үйлдвэрийн асуудал болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжүүлж байсан Концессын гэрээнүүд бүгд түүний схем. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, хуульч Ү.Амарбат нар олонтаа ярьсан байдаг. Тиймдээ ч тэднийг гутаан харлуулахын тулд “Админерал” гэх мэт баримтыг наах гэж оролддог байна.

Он цаг тооллоор хөөж үзэхэд зохион байгуулалттай гэмт үйлдлээ анхлан хэрэгжүүлсэн газар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болж таарч байгаа юм. Алт шиг сайхан амлалт хэлж байгаад тухайн үеийн ТӨХ-той Кью эс си компаниараа гэрээ байгуулжээ. “48 сая долларын хөрөнгө оруулалт оруулна. Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулна. Боловсруулах үйлдвэрүүд барина” гэж гарын үсэг зурж авангуутаа 2014 онд Концессын гэрээ болгон өөрчлөн батлуулсан байдаг. Үнэндээ 48 сая долларын хөрөнгө оруулалт хийгээгүй, 2010-2012 оны хооронд ердөө л 81 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд, тухайн үеийн эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан гэрээгээ шинэчлэн сунгасан нь одоо ил болж байна.

Энэ зуурт концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчлэн сайжруулах байтугай тус компаниас төрөл бүрийн арга замаар хөрөнгө мөнгө шилжүүлэн авчээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн мөнгөөр авсан тоног төхөөрөмжийг үйлдвэрийн нэр дээр бүртгэдэггүй, өөрсдийн байгуулсан олон тооны компанийн нэр дээр бүртгэхийн сацуу үүнийгээ үйлдвэрт түрээсэлж хохироодог байдал хавтгайрсан байжээ. Тухайлбал, ОХУ-аас авсан 300 ширхэг вагоныг Д.Эрдэнэбилэг эгчийнхээ нэр дээр байгуулсан “Төмөр замын зураг төслийн институт” ХХК дээр бүртгүүлээд, үүнийгээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түрээсэлсэн, сул зогссон өдөр ч түрээсийн мөнгө авсаар байсан байх юм.

Төмрийн хүдэр эрэлттэй байгааг далимдуулж БНХАУ-ын 18 компанитай гэрээ байгуулан мөнгийг нь урьдчилан авчээ. Тус компаниудад төмрийн баяжмалыг нь нийлүүлээгүй ба дараа нь энэ бүхэн нь Засгаас тавьсан шинэ удирдлага дээр нь унаж байх жишээний.

Ер нь Д.Эрдэнэбилэгт үйлдвэр байгуулах санаа огт байхгүй байсан нь харагддаг. Иймдээ төмрийн баяжмалыг зогсоо чөлөөгүй гаргахын урьтал болгожээ. 2014-2021 оны хооронд 1 их наяд 825 тэрбум төгрөгийн баяжмал худалдаж үлэмж их хэмжээний ашиг олсон байх юм. Ийм их ашиг олчихоод үйлдвэрийн ажилчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Харин ч бүр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг удирдсан арав гаруй жилийн хугацаандаа татварын 122 тэрбум төгрөгийн өрийг үлдээгээд арилж өгчээ. Ёстой л нөгөө буцах хүнд үнээ, тугал хоёр нийлэх нь падгүй гэсэн шиг аашилсан байдаг.  

Менежментийн зөвлөх үйлчилгээний нэг жилийн хөлс 10 сая ам.доллар байна гэж өөрсдөө зохион заагаад заагаад, энэхүү мөнгөө 2027 он хүртэл урьдчилан авсан ч байх шиг. Санхүүгийн анхан шатны баримтгүй 56 сая ам.доллар гаргасан ч байх шиг.

Энэ бүхнээс дүгнэн харахад Д.Эрдэнэбилэг луйвар булхайг амьдралын эх үүсгэвэр болгосон гэж хэлж болно. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувь нь энэ хүний хамаарал бүхий компанид оногддог гэхээр түүний шуналд ёроол үгүй нь харагдана.

Өдгөө Монгол Улсын Засгийн газраас гарсан ажлын хэсэг Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий 22 хүн, хоёр байгууллагаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т учруулсан 800 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд өгөөд байгаа. 2.2 их наяд төгрөгийн хохирлыг учруулсан болохыг тогтоосон ч Д.Эрдэнэбилэгийн “далд гар”-ын үрээр энэхүү мөнгөн дүн 800 тэрбум болж буураад байгаа аж.

Зөвхөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т учруулсан хохирол нь ийм байгаа ба цаана нь “Эрдэнэт үйлдвэр”, “Хөтөл “Цемен шохой” ХХК, цаашилбал Монголросцветмет, Багануур үйлдвэрүүдийн хохирлыг нэмбэл хэдэн арван их наяд төгрөгөөр хэмжигдэхээр байгаа юм. Энэ бүхэн улсад ирэхэд нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн Ерөнхий сайдын үг бодитой байна.

Иймд хэрэг нь илэрсэн Д.Эрдэнэбилэг шүүх хурлын өмнө “биеэ эмчлүүлнэ” хэмээн шалтаглан 3 тэрбум төгрөгийн барьцаа өгч Сингапур яваад сураггүй болжээ. Луйварчид Сингапур улсыг сонгодог нь ч учиртай. Сингапур, Монгол улс хооронд сэжигтэн солилцох гэрээ байхгүйг гэмт этгээдүүд мэдэхийн цаагуур мэддэг юмсанж.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь концессын гэрээг цуцалж, төр өмчөө хүлээн авах үед 1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол үйлдвэр, экспортоо эхлүүлснээс хойш оны эхний таван сарын байдлаар 15,2 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 9,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна“ гэж хэлснийг сануулъя.

Д.Эрдэнэбилэг нарын тактик бол шүүх хурлыг ямар нэгэн аргаар хойшлуулж, удаашруулж сунжруулсаар 2024 оны сонгууль өнгөрөөх сонирхолтой байна. Булзааруулж, мэлзэж цаг хожих, өөрсдийн тавьсан, томилсон шүүгчдээр хөнгөн ял шийтгэл авахыг урьтал болгож байгааг нь тааварлаж болохоор.

Д.Эрдэнэбилэгийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд, Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүн, сайд нар байсан, хамсран гүйцэтгэсэн гэхээр түүний гар хүрсэн бүгдийг тоочихоос гар хүрээгүйг тоолох нь илүү хялбар болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 сарын өмнө
103.140.11.12

Миний бидний эх орныг эдгээр эх оронгүй хулгайч нар тоносон юм биш үү

Иргэн
5 сарын өмнө
139.5.216.126

Энэ нэг Сү батболдын суганы сайт их хуцах нь ээ та нар ингэж л бай удахгүй идсэн уусан монголыг гадныханд найр тавьсан чинь бүгд ил болно

Жанжингаас ... ккк
5 сарын өмнө
192.82.65.74

зааассс.. Сэтгэцийн ханаж цадахгүйн эмгэгтэй "жанжин" эрдэнбилэгийг хэн ч яаж ч гүйцэхгүй, хөгшөөн.. ккк

ss
5 сарын өмнө
202.126.90.141

Эрдэнэбилэгээс өмнөх 21 жил төрийн мэдэлд байсан. Нэг сагсны бөмбөгийг 500 мянгаар шахсан гэсэн яриа гарч л бсан. Олон дарга цэргүүд солигдож багаараа ирж идсээр явдаг байсан гэсэн. Цалингаа ч тавьж чадахгүй 2, 3 сар болох энүүхэнд. Ямартаа л бэлэн бүтээгдэхүүн гулдмайгаар нь хятад руу зөөж амь торгоож байсан гэхэв дээ. Төрд очоод нээх гоё бсан юм шиг уянгалж болохгүй ш дэ

Жанжингаас чинь ... ккк
5 сарын өмнө
192.82.65.74

Хулгай бсан нь үнэн гэхдээ Жанжин бол үнэн топ шүү... их наяд2 аар нь гуцна шүү дай. ккк... Түүхэнд хараар бичигдэх жанжин мөн дөө. Үр хүүхдүүдээ боддоггүй жанжин даа. Ханаж чадахаа мэддэггүй сэтгэцийн эмгэгтэй жанжин даа. Бас өөртөө том2 нэр мөрөөднө. Жанжин гээд нэр автлаа жанжиндсан бн даа, жанчин чинь... ккк жанчин гэдэг бол хятад үг дээ.. ккк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.