Хөлбөмбөгчин асан Макс Крузе хөгжөөн дэмжигчдэд зориулсан зайрмагны бизнес эхлүүлэв
Германы шигшээ баг болон Бундеслигийн алдарт довтлогч асан 38 настай Макс Крузе хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлсний дараа цэнгэлдэх хүрээлэн дэх хөгжөөн дэмжигчдэд зориулсан тусгай спагетти-зайрмаг үйлдвэрлэх шинэ бизнесийг амжилттай эхлүүлжээ. Тэрбээр Германы багуудын өнгө төрхийг шингээсэн өвөрмөц амттан нийлүүлэх гэрээг Бундеслигийн томоохон клубуудтэй байгуулж эхэлсэн байна.
Германы дээд лигийн «Вердер», «Вольфсбург», «Боруссиа Менхенгладбах» зэрэг багуудад хүчин зүтгэж явсан Крузе 2023 оны 11 дүгээр сард мэргэжлийн тамирчны замналаа албан ёсоор өндөрлүүлсэн түүхтэй. Тэрээр карьерын туршид олон асуудалтай холбогдож байсны дотор 2013 онд Английн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтын өмнө биеэ үнэлэгч зочид буудлын өрөөндөө оруулсан дуулиан хамгийн их шуугиан тарьсан юм. Үүний улмаас шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Йоахим Лёв түүнийг 2014 оны Бразилын ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс хасаж, дэлхийн аварга болох боломжийг нь хааж байв. Мөн тэрбээр таксинд покероос хожсон их хэмжээний мөнгөө алдах зэрэг хэд хэдэн сахилгын зөрчлөөр торгуулж байжээ.
Зодог тайлсан довтлогч шинэ замналаа Падерборн хотын хамтрагчтайгаа эхлүүлж, «Byce – Das Eis für echte Fans» буюу жинхэнэ фанатуудад зориулсан зайрмагны брэндийг үүсгэн байгуулсан байна. Энэхүү үйлдвэрлэл нь Германы уламжлалт спагетти-зайрмагийг (Spaghetti-Eis) хөлбөмбөгийн клубуудын үндсэн өнгөнд тохируулан бүтээж, 330 мл-ийн зориулалтын аягатайгаар цэнгэлдэх хүрээлэнгүүдэд шууд борлуулж байгаагаараа онцлогтой аж.
Тусгай шахагч төхөөрөмжөөр гоймон хэлбэрт оруулан бэлтгэдэг уг амттанг багуудын лого бүхий савалгаа, нэрийн сүмсээр амталдаг ажээ.
Тус компани одоогоор Дортмундын «Боруссиа» клубтэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, багийн шар, хар өнгийг шингээсэн нэрийн зайрмагийг «Сигнал Идуна Парк» цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдэд нийлүүлж эхэлжээ. Үүнээс гадна Умард Райн-Вестфали мужийн «Бохум», «Дуйсбург», «Фортуна Дюссельдорф», «Арминиа Билефельд», «Пройссен Мюнстер» зэрэг олон багийн талбайд уг бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлээд байна.
Хэдийгээр ихэнх цэнгэлдэх хүрээлэнгүүд уламжлалт нийлүүлэгч компаниудтайгаа урт хугацааны гэрээтэй байдаг нь зах зээлээ тэлэхэд хүндрэл учруулж байгаа ч Крузе болон түүний баг бүтээгдэхүүнийхээ хүртээмжийг бусад багуудад улам өргөжүүлэхээр ажиллаж байна. Хөлбөмбөгийн замналаа шуугиантайгаар өндөрлүүлсэн тамирчин ийнхүү фанатуудын анхаарлыг шинэлэг амттан, өвөрмөц бизнесийн санаагаараа дахин татаж эхэллээ.
Эх сурвалж:
• sport.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.