Европын супермаркетуудын хөргөлтийн системүүд кибер халдлагад өртөж их хэмжээний хохирол амслаа
Европын долоон орны хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн арилжааны хөргөлт, хөлдөөлтийн системүүд зохион байгуулалттай томоохон кибер халдлагад өртөж, олон зуун салбарын хүнсний нөөц мууджээ. Энэхүү халдлага нь Бельги, Швед, Нидерланд, Люксембург, Финланд, Ирланд болон Эстони улсуудыг хамарсан бөгөөд Европын Холбооны удирдлагууд үүнийг нийлүүлэлтийн сүлжээнд зориуд цохилт өгөх гэсэн ноцтой түгшүүрийн дохио хэмээн тодорхойлж байна.
Халдлагын улмаас Бельги болон Люксембургт Delhaize сүлжээний 40 орчим, Carrefour-ийн 15, Intermarché-ийн 10, Spar-ын таван дэлгүүрээс гадна Бельгийн Монс хот дахь IKEA дэлгүүрийн хүнсний хэсэг доголдолд оржээ. Түүнчлэн Шведийн ICA болон Coop сүлжээ, Ирландын Musgrave группийн SuperValu сүлжээний 13 дэлгүүр, Финландын Kesko, Эстонийн Selver дэлгүүр өртсөн байна. Үүнээс өмнө Францын Intermarché, Coopérative U, Leclerc зэрэг сүлжээний 400-700 орчим худалдаа, түгээлтийн цэг ижил төрлийн кибер дайралтад нэрвэгдээд байсан юм.
Хакерууд Данийн Danfoss болон Copeland, Dixell үйлдвэрлэгчийн хөргөлтийн төхөөрөмжийг алсаас удирдах, хянах программ хангамжийн эмзэг байдлыг ашиглан нэвтэрсэн байна. Гэмт этгээдүүд тохиргоог албадан гэсгээх горимд шилжүүлж, камерыг халаах горимд оруулснаар хөлдөөгч доторх температур +40+55 хэм хүртэл халжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар төхөөрөмжүүдийн программ хангамж хуучирсан, нууц үгийн хамгаалалт сул байснаас гадна аюулгүй виртуал сүлжээнд тусгаарлагдаагүй байсан нь халдлага гарахад болоход нөлөөлсөн байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас хэдэн арван дэлгүүрийн хөлдөөсөн мах, загас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бүрэн гэсэж чанараа алдсан тул олон тонн хүнсийг устгалд оруулахаас өөр аргагүй болжээ. Шууд хохирлын хэмжээ хэдэн сая еврогоор хэмжигдэж байгаа бөгөөд зарим дэлгүүрт хөргөлтийн тоног төхөөрөмж хэт халснаас үүдэн галын дохиолол ажиллаж, тасгуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Техникийн ажилтнууд эвдрэлийг зогсоохын тулд төхөөрөмжүүдийг цахилгаан болон интернэт сүлжээнээс гараар салгажээ.
Европын комиссын Хөдөө аж ахуй, хүнсний асуудал эрхэлсэн комиссар Кристоф Хансен энэхүү үйл явдлыг нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, хэрэглэгчдийн итгэлийг алдагдуулах зорилготой үйлдэл гэж дүгнэсэн байна. Европын комиссын төлөөлөгч Томас Ренье мөрдөн шалгах ажиллагааг уялдуулахын тулд кибер хямралын эсрэг EU-CyCLONe сүлжээг дайчлан ажиллаж байгааг мэдээллээ. Одоогоор аль нэг бүлэглэл хариуцлагыг хүлээгээгүй байгаа ч энэхүү явдал нь цахим ертөнц дэх халдлага бодит эдийн засаг, дэд бүтцэд ихээхэн аюул занал учруулах чадвартайг харуулж байна.
Эх сурвалж:
• ixbt.com
• amic.ru
• cbc.ca
• ft.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.