Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн эдлэнгээс $580.000 хулгайлсан хэрэгтнүүдэд ял оноов
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Лимпопо мужийн Модимолле бүсийн шүүх тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хувийн эдлэнгээс их хэмжээний валют хулгайлсан дуулиант хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутай этгээдүүдэд холбогдох шийдвэрийг танилцууллаа.
Шүүхийн шийдвэрээр уг хэргийг гардан зохион байгуулсан 39 настай Имануэла Дэвидийг хулгай хийхээр хуйвалдсан, бусдын эзэмшилд хууль бусаар нэвтрэн хулгай үйлдсэн болон мөнгө угаасан гэм буруутайд тооцсон байна. Харин тус эдлэнд үйлчлэгчээр ажиллаж байсан 30 настай Фролиана Жозефыг хулгайн хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцсон хэрэгт буруутгажээ. Түүний дүү 27 настай Ндилинашо Дэвид Жозефын хувьд гэмт хэрэгт холбогдсон нотлох баримт хангалтгүй байсан тул шүүх түүнд холбогдох бүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.
Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл, 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Лимпопо мужийн Бела-Бела хотын ойролцоо орших Фала Фала байгалийн цогцолбор дахь буйдан дотор нуусан 580 мянган ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ. Энэхүү мөнгийг үйлчлэгч Фролиана Жозеф ажлаа хийж байх явцдаа олж мэдэн, мэдээллийг Имануэла Дэвидэд дамжуулснаар дээрх гэмт хэргийг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.
Уг дуулиан 2022 онд Төрийн аюулгүй байдлын агентлагийн дарга асан Артур Фрэйзер Ерөнхийлөгч Сирил Рамафосаг хууль хяналтын болон татварын байгууллагаас хулгайн хэргийг нуун дарагдуулсан хэмээн гомдол гаргаснаар нийтэд ил болсон түүхтэй.
Шүүгч Питер Мантата хэргийн газарт хурууны хээ болон хяналтын камерын дүрс бичлэг зэрэг шууд нотлох баримт үлдээгүй ч гар утасны дуудлагын бүртгэл болон холбогдох баримтууд сэжигтнүүдийн гэм бурууг хангалттай нотолсон гэдгийг онцоллоо. Түүнчлэн гэмт хэрэг гарсны дараа Имануэла Дэвид хулгайлсан валютаараа Порше, Мерседес-Бенц G63, BMW M5 маркийн хэд хэдэн тансаг ангиллын автомашин, очир алмаазан шигтгээтэй Ролекс бугуйн цаг болон орон сууц, газар худалдан авч их хэмжээний үрэлгэн зарцуулалт хийсэн нь тогтоогдсон юм. Шүүгдэгчийн зүгээс эдгээр мөнгийг криптовалют болон үнэт чулууны бизнесээс олсон хэмээн тайлбарласныг шүүх худал гэж үзжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцыг шүүгч хурцаар шүүмжилж, улсын ерөнхийлөгчийн өмч хөрөнгөд халдсан хэрэгт хурууны хээ авч чадаагүй, бичлэг хадгалагдаагүйгээс гадна уг явдлаас хойш хоёр жилийн дараа л албан ёсоор хавтаст хэрэг нээсэн нь хууль сахиулагчдын ажлын хариуцлагагүй байдлыг харуулсан явдал болсныг тэмдэглэв. Имануэла Дэвид болон Фролиана Жозеф нарт оноох ялын хэмжээг хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.