Эхнэрээ мансууруулан бусдад хүчирхийлүүлсэн нөхрийг шүүх хурал эхэллээ
Их Британийн хойд хэсэгт орших Манчестер хотын Миншулл Стрит дэх Титмийн шүүхэд ухаангүй байсан эмэгтэйг мансууруулан хүчирхийлсэн болон уг гэмт хэрэгт оролцсон хэрэгт буруутгагдсан есөн эрэгтэйд холбогдох шүүх хурал даваа гаргийн өдөр албан ёсоор эхэллээ.
Хэрэгт шалгагдаж буй хохирогчийн нөхөр болох Стокпорт хотын 60 гаруй насны эрэгтэй 44 жилийн турш хамт амьдарсан эхнэрээ хорь гаруй жилийн хугацаанд бэлгийн дарамтад оруулж, хүчирхийлж байсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн байна. Прокуроруудын тайлбарласнаар хохирогч согтууруулах ундаа хэрэглэсний дараа гүн нойронд автдаг байсан үеэс хүчирхийлэл эхэлсэн бөгөөд сэжигтэн этгээд эхнэртээ ухаан алдуулах эмийн холимог өгч, бүрэн ухаангүй болгож байгаад гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг байжээ.
Уг этгээд үйлдсэн хүчирхийллийнхээ зураг, бичлэгийг тусгай чат групп болон насанд хүрэгчдийн сайтаар бусад эрчүүдэд түгээж, 2023 оноос эхлэн танихгүй хүмүүсийг гэртээ урин эхнэрээ хүчирхийлүүлж, бичлэг хийдэг байсан нь тодорхой болов.
Шүүгдэж буй есөн эрэгтэйн долоо нь тэдний гэрт биечлэн очсон хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Түүнчлэн цагдаа нар нөхрийнх нь гар утсыг хураан шалгахад 2004 оноос хойш баримтжуулсан нэг сая гаруй зураг, дүрс бичлэг олдсоныг яллагч Луиз Окли шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулжээ.
Эхнэрийнхээ эсрэг хүчин, бэлгийн дарамт болон мансууруулах бодис өгч биеэ хянах чадваргүй болгосон зэрэг 60 гаруй зүйл ангиар гэм буруутайгаа хүлээсэн нөхөр нь одоогоор цагдан хоригдож байгаа бөгөөд ялыг шүүх хурлын дараа оноох төлөвтэй байна. Түүнээс гадна хэрэгт холбогдсон 38 настай Шон Пийрс, 59 настай Кит Фотерингхэм тэргүүтэй өөр дөрвөн этгээд гэм буруугаа хүлээсэн бол өдгөө шүүгдэж буй есөн этгээд хүчин, хүчирхийлэхийг завдсан болон гэмт хэрэг үйлдэхээр хуйвалдсан бүх яллах дүгнэлтийг эсэргүүцэн няцааж байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгчдийн нэг нь нөхөртэй нь харилцаж байхдаа Франц улсад эхнэрээ мансууруулан бусдад хүчирхийлүүлсэн Доминик Пеликогийн хэргийг сануулан болгоомжлуулж байсан зурвасыг нотлох баримтаар дэлгэжээ. Энэхүү дуулиан нь мансууруулах бодис ашиглан бэлгийн хүчирхийлэл үйлдэх зохион байгуулалттай гэмт хэрэг олон улсын хууль сахиулах байгууллагууд болон олон нийтийн анхаарлын төвд улам бүр өртөж байгааг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.