🔴LIVE: Б.Түвшин: Ардчилсан нам Засгийн газартай хамтарч нэгдэх талаар нэг ч асуудал яригдаагүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийн талаар бүлгийн удирдлагууд хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилт, уул уурхайн бүс дэх байгаль орчин, хүний эрүүл мэндийн нөхцөл байдал, Монголбанкны мэдээлэл болон бүлгийн зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцжээ.
1. Хэвлэлийн эрх чөлөө ба хуулийн хэрэгжилтийн талаар
АН-ын бүлгээс 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцоллоо. Тус хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон байдаг. Гэтэл өнөөдөр бүх яам, тамгын газар, төрийн байгууллага, ТӨК-иуд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай болж, улмаар хэвлэл мэдээллийн буюу дөрөв дэх засаглалын зах зээлийг хумих, чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эрх баригчдын үйл ажиллагааг нэг талыг барьж сурталчлах нөхцөлийг бүрдүүлж байна гэж дүгнэв. Иймд хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, Засгийн газрын хараат байдлаас ангид байлгах чиглэлээр АН байр сууриа тодорхойлж, хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "1990 оны Ардчилсан хувьсгалаар иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхийг төрийн хяналтаас чөлөөлж, үүнийг 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажуулсан. Хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг, мөн төрөөс хэвлэлийн агуулга буюу редакцийн бодлогод хяналт тавихыг хориглосон байдаг. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэлийн алба байгуулан ажиллаж байна. Жишээлбэл, нийслэлийн захиргаа дэргэдээ 20 гаруй хүнтэй бүтэц байгуулж, төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр троллууд ажиллуулж байсан тухай мэдээлэл гарсан. Төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулах, эрх баригчдын алдааг хаацайлах бүтэц үүсгэсэн нь сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах орон зайг боомилж байна. Хуулийн 4 дүгээр зүйлийн хэрэгжилтийг шалгах, төрийн аль байгууллагууд хэвлэлийн алба, бүтэц ажиллуулж байгааг тодруулах, редакцийн хараат бус байдлыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллана" хэмээн тодотголоо.
2. Хариуцлагагүй уул уурхай, байгаль орчин, хүний эрүүл мэндийн хохирлын талаар
Хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин доройтож, иргэдийн эрүүл мэнд ноцтой хохирч байгаа асуудлыг хэлэлцэж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Э.Сэддорж: "Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй гурван аж ахуйн нэгжийн гаргаж буй тоос шороо хэрээс хэтэрлээ. Тэнд амьдардаг суурин 13 мянган иргэн, уурхайн 25 мянган ажилтан, нийт 50 мянга орчим хүн уушгины өвчтэй болох өндөр эрсдэлд байна. Тоос шороо нь 50 км-ийн радиуст талхлагдаж, мал сүрэг нь уушгины өвчтэй болж байна. Цогтцэций суманд агаарын бохирдол дээд цэгтээ буюу стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. 10 жирэмсэн эмэгтэйн ердөө хоёр нь л хэвийн төрж, наймд нь ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрч байгаа бөгөөд аутизмтай хүүхэд төрөх, хүнд металлын хордлогод өртөх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Зам, тээврийн яам, Эрүүл мэндийн яам санаачилга гаргаж, газар дээр нь ажиллахгүй байна. Компанийн удирдлагууд Улаанбаатараас 600 км-ийн цаанаас утсаар удирдаж байна. Монгол Улсын төсвийг ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, малын бэлчээрээр дэнчин тавьж бүрдүүлж болохгүй.
Мөн Тавантолгойд тоос бууруулахаар цацах ус дуусчихсан байна. Тиймээс гадаргын усыг говь руу татах төслүүдийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай. Жишээ нь, ТЭЗҮ нь бэлэн болсон 'Хэрлэн-Тоонот' төсөл 809 км үргэлжилж, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Газрын тос боловсруулах үйлдвэр, улмаар Тавантолгой, Оюутолгойг усаар хангах боломжтой. 890 сая ам.долларын өртөгтэй, 13 жилд зардлаа нөхөх энэ төсөл хэрэгжсэнээр 15 км тутамд малчид, иргэдийг усаар хангах, 'Тэрбум мод', 'Хүнсний хувьсгал', 'Цагаан алт' зэрэг үндэсний хөтөлбөрүүд бодитой хэрэгжих боломж бүрдэнэ. Гол мөрний үерийн усны 3-4 хувийг л хуримтлуулж говь руу татах асуудал юм" хэмээн мэдээллээ.
3. Монголбанкны мэдээллийн талаар
Бүлгийн хуралдаанаар Монголбанкны холбогдох мэдээллийг хаалттай сонссон байна. Эдийн засгийн нөхцөл байдалд буруу ташаа ойлголт үүсгэхгүйн тулд ийнхүү хаалттай хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн зүгээс Монголбанк төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлдэг практикийг зогсоох, өмнө нь санхүүжүүлсэн төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн байр суурьт нэгджээ.
4. Бүлгийн зохион байгуулалтын шийдвэр
АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Х.Тэмүүжин нар өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Иймд бүлгийн дэд дарга нарыг шинээр сонгож, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Э.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нар АН-ын бүлгийн дэд даргаар томилогдлоо.
Сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт:
- Төсвийн төсөл болон эдийн засгийн эрсдэлийн талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
Засгийн газрын үйл ажиллагаанд АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа. Ирэх оны төсөв дээр АН-ын бүлэг дараах дөрвөн үндсэн зарчмыг баримталсан:
- Оюутолгойн орлого: Оюутолгойн ногдол ашгийн хөрөнгийг бэлнээр тараах эсвэл төсвийн урсгал зардал болгохыг эсэргүүцэж, хуулийн дагуу Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстой гэж үзсэн бөгөөд энэ шаардлага хангагдсан.
- Төсвийн хүрээний мэдэгдэл: Төсөв батлах бүрдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж, үр ашиггүй зардал нэмдэг явдлыг зогсоох шаардлага тавьсан.
- Төсвийн зардлын тэлэлт: Төсвийн зарлагыг хэт өсгөж, ялангуяа 7.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирснийг бүлгийн зүгээс эрс эсэргүүцсэн.
- Орон нутгийн хөгжлийн сан: Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 50 хувийг дээрээс буюу төвөөс чиглүүлэн захиран зарцуулахаар оруулж ирснийг эсэргүүцэж байна.
Түүнчлэн зэс, нүүрсний экспорт саарч, үнэ буурч байгаа эдийн засгийн эрсдэлүүд дээр намын болон бүлгийн судалгааны багууд ажиллаж байна. Ирэх долоо хоногт төсвийн орлогын тасалдал, экспортын бууралтын асуудлаар мэдээлэл сонсож, дүгнэлт хийнэ.
- Засгийн газарт хамтрах шахалт ирж байгаа эсэх, Засгийн газрыг огцруулах бичгийн явц ямар шатанд байна вэ?
"Засгийн газарт орох, хамтрах тухай ямар нэгэн хэлэлцээ, яриа огт явагдаагүй. Засгийн газарт орох, хамтрах асуудал нь бүлгийн түвшинд биш, намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх учиртай. Одоогоор ийм шийдвэр байхгүй. Харин Засгийн газрыг огцруулах бичигт намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын санаачилгаар 41 гишүүн гарын үсэг зурсан нь үнэн. Уг бичгийг хэзээ өргөн барих асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ."
- Эрх баригч намын хулгай, хариуцлагын асуудал болон шатахууны хомсдол зэрэгт АН сөрөг хүчний хувьд хэрхэн хандаж байна вэ?
"МАН дотор өрнөж буй авлига, хулгайн маргаанд АН аль нэг талд орохгүй. Аль алиных нь ярьж байгаа үндэслэлүүд шалгагдах ёстой бөгөөд хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хонгил үүсгэсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардаж ажиллана. Хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүрч аваад мэдэгдэл хийх нь улс төрийн сөрөг хүчний бодлого биш. Бид тооцоо судалгаатай, бодлогын үндэслэлтэй хандаж байна. Мөн шатахууны нийлүүлэлт, хомсдлын асуудалд дүгнэлт хийж, хууль зөрчсөн, хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд шаардах болно."
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.