ЧИМХ МЭДЭЭ: Тамганы хулгай, хулгай биш Төрийн хулгайч, хулгайч биш
Улсын их хурлын гишүүн Ц.Баатархүү Улсын их хурал дахь Ардчилсан намын тамгыг авч зугтжээ.
Бүлгийн тамгыг барьж үзээгүйдээ биш, гоё сайхныг нь шагшиж байгаад эргүүлээд өгье гэсэндээ биш бүлгийн даргаар өөрийнх нь зүтгүүлж буй хүн сонгогдох шаансгүй болонгуут авч зугтаад, орой нь юу ч болоогүй мэт буцааж өгчээ.
Ер нь монголчууд өөрт таалагдсан шийдвэр гарахгүй болонгуут тамга авч зугтдаг нь гэм биш зан.
Монголын Үндэсний олон нийтийн телевизийн тамга хулгайд алдсан дуудлага цагдаад бүртгэгдэж байсан нь саяхны явдал. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөс хусуулсан Найдангийн Түвшинбаяр Монголын Үндэсний олимпын хорооны тамгыг хулгайлаад Булганд хэвтэж байсан нь саяхан. Гэхдээ тамга хулгайлсан анхны хүн Булганых биш л дээ.
Чингисийн ч юм уу, Хубилай хааны ч юм уу тамгыг Тогоонтөмөр хаан ханцуйлаад зугтсан гэх яриа байдаг. Тэгэхээр тамга хулгайлна гэдэг монголчуудын хувьд их эрт дээр үеэс хийж ирсэн хулгайн нэг төрөл болж таараад байгаа юм. Тунгалаг Тамирын Цахиур Төмөр тамга хүчтэйг мэддэг байсан бол малгайн бүч биш тамга хулгайлах байсан нь дамжиггүй.
Гол нь эргээд харахад, тамга хулгайлсан хэн ч хариуцлага хүлээж байгаагүй юмсанж.
“Номын хулгайг хулгайд тооцдоггүй” гэдэг шиг тамганы хулгайг хулгайд тооцдоггүй юм байна. Их сайндаа л Ц.Баатархүүг “хулгайч аа, хулгайч аа” гэж хэлэхээс хэтэрдэггүй учир хулгайч нар үеийн үед жаалсаар байдаг юмсанж
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.