Үндэсний музейн захирал, нягтлан бодогч асны зорчих эрхийг хязгаарлав

Үндэсний музейн захирал, нягтлан бодогч асны зорчих эрхийг хязгаарлав

Монголын үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Б.Сарантуяа, ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Батцэцэг нарт холбогдох хэргийг тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн 2024 оны тушаалаар тус музейн захирлаар томилогдсон Б.Сарантуяа нь Санхүүгийн хэлтсийн даргатайгаа нийлж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болох нөхөр, хүүхэд, жолооч, танил нөхдийг тус музейн ажилтнуудын тоонд оруулан нийт 40 хүнийг 2025 оны хоёрдугаар сарын 12-19-нд БНХАУ-ын Санъяа хот руу аялуулсан аж. Ингэхдээ “Нью жуулчин турс” ХХК-тай гэрээ байгуулж, 141.9 сая төгрөг төлөхөөр болсон бөгөөд үүнийхээ 44.8 саяд нь ваучер олгох байдлаар бартер хийсэн гэнэ. Улмаар Монголын үндэсний музейд орох байсан 44 сая төгрөгийг төлүүлэлгүй, бусдад давуу байдал олгож, музейдээ хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан юм.

Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасныг хүлээн авч, дээрх шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг нь хэлэлцээд Б.Сарантуяа, Д.Батцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хасах ял шийтгэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.