Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Нийслэлийн Бизнес инновацын газар БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна.
Төслийг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнгийн Дэлхийн хамтын ажиллагааны газрын дарга Чвэ Ёл Сү, “ODA” төслийн ахлах менежер Ким Дун Угтай уулзлаа. Уулзалтаар төслийг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уг төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын гарааны бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх дундын оффис, лаборатори болон нетворкинг танхим бүхий инновацын нэгдсэн дэд бүтцийг байгуулна. Мөн гарааны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, БНСУ-ын хурдасгуур хөтөлбөрүүдийг нутагшуулах замаар дотоодын стартапуудыг чадавхжуулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлнэ.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд дээрх төсөл нь Улаанбаатар хотын залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн өндөр бүтээмжтэй ажлын байруудыг шинээр бий болгох, гарааны бизнесийг нэмэгдүүлэх, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр БНСУ-тай туршлага солилцох чухал ач холбогдолтойг онцоллоо.
Нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Б.Гантулга “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр” төслийг эрчимжүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.