Б.Дашпүрэв: Шатахуун тасарсан асуудал байхгүй, БНСУ болон БНХАУ-аас татан авалт хийж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахуун хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээллээ өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд хийгдэж буй шатахуун түгээлт, нийлүүлэлт болон импортын явцын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 95 шатахуун түгээх станцад (ШТС) 1,135 тонн, орон нутгийн 42 ШТС-д 556 тонн АИ-92 автобензинийг нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагон цистерн буюу 7,680 тонн АИ-92 автобензиний үлдэгдэлтэй байна. Үүнээс Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөдөд 86 вагон цистерн буюу 5,160 тонн АИ-92 автобензин хүргэгдсэн. ААН-үүд буулгалт хийн, нийслэл болон орон нутаг руу түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд БНХАУ-аас гэрээлэн худалдан авсан 8,000 тонн автобензинээс өчигдрөөс эхлэн эхний 10 вагон цистерн бүтээгдэхүүн Улаанбаатар хотод орж ирж, буулгалт түгээлтэд гараад байна. Үргэлжлүүлэн Замын-Үүдийн шингэн шилжүүлэн ачих байгууламж болон "Тэс петролиум" компанийн байгууламжаар дамжуулан татан авалт тасралтгүй үргэлжилж байна.
БНСУ-аас 12,000 тонн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн болсон. ААН-үүд хуваарилалтаа хийж байна. Мөн энэ сард 2,000 тонн дизель түлш татан авсан бол нийт 18,000 тонн бүтээгдэхүүн авахаар хэлэлцээр хийгдсэнээс эхний 8,000 тонн автобензин ачигдан орж ирсэн.
ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны хэмжээ тодорхой хувиар буурсан нь дотоодын зах зээлд хомстол, дугаарлалт үүсгэх шалтгаан болсон. Тус үйлдвэр нь одоогийн нөхцөлд техникийн боломж, вагон цистернийн эргэлтээ 100 хувь дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Ирэх өдрүүдэд ОХУ-аас хийгдэх ачилтын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа.
Манай улсад бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх агуулах савны хүрэлцээ хомс байдгаас шалтгаалан үүссэн нөхцөл байдалд богино хугацаанд арга хэмжээ авахад хүндрэл учирч байна. Иймд бусад улсаас татан авалтыг эрчимжүүлж байгаа.
Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох нийтийн тээвэр, уул уурхай, газар тариалангийн салбарын дизель түлшний нийлүүлэлтэд Засгийн газар, АҮЭБЯ онцгой анхаарч байна. БНСУ, БНХАУ, ОХУ-аас дизель түлш татан авах ажлыг шуурхай хэрэгжүүлснээр газар тариалан, уул уурхайн компаниуд тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж чадсан. Ингэснээр намрын ургац хураалт болон уул уурхайн экспортын биет хэмжээг бууруулахгүй байх бодлого хэрэгжиж байна.
Евро-2 стандартын АИ-92 автобензин ор тас тасарсан зүйл байхгүй. Орон нутагт хязгаартай ч гэсэн өдөр тутмын түгээлт хийгдэж байна. Улсын хэмжээнд дунджаар 20 хоногийн нөөцтэй болсон үед түгээлт жигдэрч, дугаарлалт арилна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байгаа учраас нийлүүлэлт жигд бус, түр зуурын хүндрэл гараад байна. Бид цаашид ОХУ-аас Евро-2 АИ-92 бүтээгдэхүүнийг тогтмол авна, түүнчлэн Солонгос, Хятад зэрэг улсаас Евро-5 түлшний импортыг нэмэгдүүлнэ.
Үнийн тухайд, БНСУ-аас орж ирэх Евро-5 бүтээгдэхүүнд харьцангуй хямд үнэ санал болгосон тул үнэ өсөхгүй байх боломж бүрдэж байна. ОХУ-аас өнөөдөр үнийн санал ирнэ. Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөт зах зээлийн жамаар, олон улсын үнээр нийлүүлж хүртээмжийг хангах бодлого барьж байгаа бол Евро-2 ангиллын А-92 шатахууны үнийг огцом өсгөхгүй байх тогтвортой бодлогыг Засгийн газраас баримталж байна.
Зарим хувийн ААН-үүд хомстолын үеийг далимдуулан зөвхөн картаар үйлчлэх, талон борлуулах маркетингийн бодлого барьж байсныг зогсоосон. Төрийн зүгээс нийт иргэдэд бүтээгдэхүүнийг тэгш хүртээмжтэй борлуулах шаардлагыг Шуурхай штабаас тавьж ажиллаж байна. ААН-үүд маркетингийн асуудлаа хойш тавьж, гаргасан шийдвэрийг нийслэл болон орон нутагт нэг мөр дагаж мөрдөх ёстой.
ААН-үүдийн санаачилгаар нийт 300 мянган м³ багтаамжтай сав барих төсөл эхэлснээс энэ онд 150 мянган м³ савыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 16 мянган м³ багтаамжтай нэг байгууламж ашиглалтад орлоо. Ингэснээр 2028 он гэхэд Монгол Улс дор хаяж гурван сарын стратегийн нөөцтэй болох зорилт биелнэ.
Үйлдвэрийн технологийн байгууламжийн барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж, гүйцэтгэл 60 хувьд хүрсэн бөгөөд 2028 онд бүрэн ашиглалтад орно. Шатахууны 100 хувийн хараат байдлыг бууруулахын тулд боомтуудыг өргөтгөх, төмөр замын хил холболтыг хийж аюултай ачаа болон шингэн түлш шилжүүлэн ачих дэд бүтцийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хязгаарлах, нийтийн тээвэр болон уул уурхайн хүнд даацын техникийг цахилгаан болон ногоон эрчим хүч рүү шилжүүлэх бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.