БЗС: Багш мэргэжлээр суралцагч 1500 гаруй оюутны тэтгэлэг төсвийн тодотголоор шийдэгдэнэ
Боловсролын зээлийн сангаас (БЗС) олгодог сургалтын тэтгэлгийн өнгөрсөн хаврын улирлын санхүүжилт олгогдоогүйн улмаас оюутнууд төлбөрийн дарамтад орж, тайван жагсаал зохион байгуулж байна. Тухайлбал, МУБИС-ийн зүгээс оюутнуудад өнгөрсөн хаврын сургалтын төлбөрөө 11 дүгээр сарын 2-ны дотор төлөхийг шаардсан нь оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Боловсролын зээлийн сангийн төлөөлөл албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.
Оюутнуудтай байгуулсан гэрээний дагуу голч дүн нь 2.7-гоос дээш байх журмын шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэлэг олгох учиртай. Гэвч бодит байдал дээр зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийг олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай хяналтын тоонд багтаан олгодог ажээ.
Энэ талаар БЗС-ийн албаны төлөөлөл тайлбарлахдаа "Сайдын тушаалаар батлагдсан хяналтын тоонд багтсан суралцагчдын тэтгэлгийг хавар олгосон. Харин хяналтын тооноос давж үлдсэн, шалгуур хангасан суралцагчдын тэтгэлгийг одоогоор олгоогүй байгаа бөгөөд бид төсвийн тодотголыг хүлээж байна. Манай байгууллага бол батлагдсан хяналтын тоонд багтсан суралцагчдад зээл, тэтгэлгийг олгох үүрэгтэй субъект. Төсөв тавигдмагц бид хяналтаа хийж, оюутнуудын тэтгэлгийг шууд олгоход бэлэн" гэв.
Түүнчлэн энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд энэ оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд зөвхөн МУБИС гэлтгүй улсын хэмжээнд багш бэлтгэдэг бүх их, дээд сургуулиудад суралцаж буй бүх оюутнуудад хамааралтай зохицуулалт юм байна. Сайдын тушаалаар их, дээд сургууль, мэргэжил тус бүр дээр улирал улирлаар нь хяналтын тоог тусгайлан баталж өгдөг байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар улсын хэмжээнд багш мэргэжлээр суралцаж буй 1500 гаруй оюутны хаврын улирлын тэтгэлгийн төсөв ийнхүү тодотголоор хүлээгдэж байгаа аж. БЗС-ийн удирдлагууд жагсаал зохион байгуулж буй оюутнуудтай биечлэн уулзаж, үүссэн нөхцөл байдал болон төсөв шийдэгдэх явцын талаар бодит мэдээллийг өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.