🔴Ш.Адьшаа: Ахмадуудын тэтгэврийг хоёр сая болгох боломжтой

AI хөрвүүлсэн
🔴Ш.Адьшаа: Ахмадуудын тэтгэврийг хоёр сая болгох боломжтой

УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын нийт 500 мянга гаруй ахмад настан, тэр дундаа Ардчилсан намын ахмад гишүүдэд баярын мэнд дэвшүүллээ. 

УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа: 

-Уг нь өнөөдөр ахмадууд бид Сүхбаатарын талбайд цуглан дуулж, бүжиглэн баяраа тэмдэглэх учиртай байсан ч тийм сэтгэл зүй алга байна. Олон зуун мянган ахмад настан эдийн засгийн маш хүнд дарамтад орж, тэтгэврийн мөнгө нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй, амьдрах эрх нь дордсон нөхцөл байдалтай нүүр тулаад байна. 

Иймд “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөний хүрээнд Ардчилсан ахмадын холбооноос ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгох үндэсний хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна. 

Арван жилийн өмнө Монгол Улсын төсөв зургаан их наяд төгрөг, ахмадуудын тэтгэвэр 300 мянган төгрөг байсан. Өнөөдөр улсын төсөв 44 их наяд төгрөг болж асар их тэлж, энэ хөрөнгөөр ямар мега төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байхад тэтгэврийн доод хэмжээ дөнгөж 769 мянган төгрөг байна. Иргэд өнөөдөр 700 мянган төгрөгөөр амьдрах ямар ч боломжгүй. 

Мөн Засгийн газраас өргөн барьсан төсөлд тэтгэврийн доод хэмжээг ирэх 11 дүгээр сарын 1-нээс 1 сая төгрөг, 2027 оны нэгдүгээр сарын 1 гэхэд нэг сая 355 мянган төгрөг болгохоор тусгасан нь зөв шийдэл ч үүнийг хоёр сая төгрөг болгох боломжтой. Ард түмнээсээ санал асуулга авч, гарын үсэг цуглуулж, 200-300 мянган иргэн дэмжвэл энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх үүрэг үүснэ. 

Мөн үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрийн эрх, иргэдийн шаардлага зөв. Өнөөдөр шатахууны болон эдийн засгийн хямралд орж, шөнөжин, өдөржин дугаарлаад ч 50 литр бензин авч чадахгүйд хүрсэн иргэд бухимдаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Эрх баригчид болон Засгийн газар үүнд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авах ёстой. Гэхдээ дэлхий нийтээр дайн мөргөлдөөний улмаас шатахууны асуудал хүндэрч байгааг бас ойлгож, тал талдаа хүлээцтэй хандан, гарц шийдлийг хамтдаа олох шаардлагатай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.