NIKE брэндийн хувьцааны үнэ сүүлийн 13 жилийн доод түвшинд хүрч унав
Спортын хувцас хэрэглэлийн зах зээлд тэргүүлэгч NIKE компанийн хувьцааны ханш дөрөв гаруй хувиар унаж, 33 ам.доллароос доош бууснаар сүүлийн 13 жилийн хамгийн доод цэгтээ хүрлээ.
Зах зээлийн нийт үнэлгээ нь 2021 оны оргил үеийн 264 тэрбум ам.доллароос 75 гаруй хувиар буурч, 50 тэрбум ам.доллароос доош орсон тул тус компанийг "S&P 100" индексээс албан ёсоор хассан байна.
Санхүүгийн нэгдүгээр улиралд тус компанийн орлого өмнөх оны мөн үеэс дөрөв гаруй хувиар буурч 11.21 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас 110 сая ам.доллароор доогуур гарчээ. Компанийн гүйцэтгэх захирал Эллиотт Хилл үйл ажиллагааны зардлыг танах, бүс нутгийн нэгжүүдийг цомхон болгох зорилгоор ажилтнуудаа цомхотгохоо санхүүгийн тайлангийн хамт илгээсэн захидалдаа дурдсан байна. Түүнчлэн NIKE бүтэн жилийн нийт орлогын төсөөллөө 7-9 хувиар бууруулж 42.7 тэрбум ам.доллар болгосон бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашгийг 1.15-1.35 ам.доллароор төсөөлж буйгаа зарлав.
Борлуулалтын бүтцийг нарийвчлан авч үзвэл, голлох зах зээлүүдэд эрс сулралт ажиглагдаж байна. Хятадын бүс нутаг дахь орлого 22 хувиар огцом унасан нь эдийн засгийн нөхцөл байдал болон "Анта", "Ли-Нин" зэрэг дотоодын брэндүүдийн өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой юм. Мөн "Конверс" брэндийн борлуулалт 28 хувиар буурсан бол хэрэглэгчдэд шууд борлуулах сувгийн орлого найман хувь, цахим худалдааны нийт орлого 13 хувиар агшжээ. Харин Хойд Америкийн зах зээл дэх борлуулалт хоёр хувиар өссөн нь тогтвортой үлдсэн цөөн үзүүлэлтийн нэг болов.
Шинжээчдийн тодорхойлсноор өмнөх удирдлагын үед бөөний худалдааны уламжлалт сүлжээнүүдтэй харилцаагаа тасалж, зөвхөн өөрийн цахим хуудас болон аппликэйшнд хэт төвлөрсөн нь эргээд том цохилт болжээ. Энэхүү орон зайг "On Running", "Hoka", "New Balance" зэрэг өрсөлдөгчид ашиглан жижиглэнгийн худалдааны талбайг булаан авсан байна.
Үүнээс гадна гүйлтийн болон спортын шинэ технологи хөгжүүлэхийн оронд хуучин загваруудаа зах зээлд хэт их нийлүүлсэн нь брэндийн нэр хүндийг сааруулж, их хэмжээний үлдэгдэл үүсгэн үнээ хямдруулахад хүргэжээ.
Шинэ гүйцэтгэх захирал Эллиотт Хилл бөөний худалдааны түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа сэргээж, судалгаа шинжилгээний зардлыг спортын гүйцэтгэл рүү дахин чиглүүлэх замаар хямралыг даван туулахаар төлөвлөж байна. Гэсэн хэдий ч Хятадын зах зээл болон "Жордан", "Конверс" брэндүүдийн уналтыг зогсооход ихээхэн цаг хугацаа шаардагдах бөгөөд бүтцийн өөрчлөлт дөнгөж эхэн шатандаа явааг тус компанийн удирдлагууд анхааруулж байна.
Эх сурвалж:
• voz.us
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.