Nikon-оос зарласан уралдаанд түрүүлсэн ялагчийг хиймэл оюун ухаан ашигласан гэж буруутгав
"Nikon Small World in Motion" олон улсын нэр хүндтэй бичил биетийн видео уралдааны тэргүүн байрын бүтээл хиймэл оюун ухаан (AI) ашигласан гэх маргаанд холбогдож, шинжлэх ухааны салбарынхны зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна.
Сингапурын Үндэсний Их Сургууль болон Цинхуа их сургуулийн оптик инженерийн судлаач, доктор Нин Сюгийн ирүүлсэн амьсгалын замын ховор өвчтэй хүүхдийн сормууслаг эсийн хөдөлгөөнийг харуулсан бичлэгийг хиймэл оюун ухаанаар үүсгэсэн байж болзошгүй хэмээн судлаачид үзэж байна. Уралдааны дүрмийн дагуу хиймэл оюун ухаанаар үүсгэсэн видеог оролцуулахыг хатуу хориглодог бөгөөд зөвхөн микроскопын бичлэг байх ёстой ажээ.
Шинжлэх ухааны салбарын биологичид болон микроскоп судлаачид уг бичлэгээс биологийн хувьд байж боломгүй хэд хэдэн ноцтой алдааг илрүүлсэн байна. Лестерийн их сургуулийн Роберт Хирст, Флоридагийн их сургуулийн Эдвард Пэлпс нарын эрдэмтэд бичлэг дэх ногоон өнгөтэй сормууслаг эсүүд гэнэт гарч ирээд алга болох зэргээр эсийн биологийн хуулийг зөрчиж байгааг онцолжээ. Мөн бөөм болон митохондрийг дүрсэлсэн хөх, нил ягаан өнгийн бүтэц нь физикийн хувьд боломжгүй хэлбэрээр хувирч, уусч байгаа нь хиймэл оюун ухааны алдаа болохыг тэд тайлбарлав.
Үүнээс гадна Техасын Их Сургуулийн баруун өмнөд эрүүл мэндийн төвийн судлаач Иан Донован тус бичлэгийг тусгай илрүүлэгч багажаар шалгахад хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг тэмдэглэдэг "Google SynthID" дижитал усан тэмдэг илэрсэн байна. Ховор тохиолддог генийн эмгэгтэй өвчтөний бодит зураглал гэж танилцуулсан бичлэгт ийнхүү хиймэл дүрслэл ашигласан нь шинжлэх ухааны үнэн зөв байдал, ёс зүйд сөргөөр нөлөөлж буйг судлаачид анхаарууллаа.
Энэхүү маргааны хариуд доктор Нин Сю цахим сүлжээнд тайлбар хийхдээ, анхны саарал өнгөтэй өндөр нарийвчлалтай өгөгдлийг будаж, тодруулахын тулд хяналтгүй хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээний хэрэгслийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр эсийн сормуусны хөдөлгөөн нь бодит туршилтын өгөгдөл бөгөөд эхнээс нь зохиомол үүсгээгүй гэж хамгаалсан байна. Гэвч гоо зүйн үзэмжийг сайжруулахын тулд эсийн дотоод бүтцийг дижитал аргаар зассан гэдгээ зөвшөөрсний дараа түүний цахим хуудас болон тайлбарууд устгагдсан байна.
Уралдааныг зохион байгуулагч "Nikon Instruments" компани эхэндээ "хар зураг"-аа сайжруулахад хиймэл оюун ухаан ашиглах нь дүрмийн бус биш хэмээн өмгөөлж байсан ч шинжлэх ухааны байгууллагууд болон шүүгчдийн зүгээс ирсэн хүчтэй эсэргүүцлийн улмаас байр сууриа өөрчилжээ. Одоогоор тус компани доктор Нин Сюгийн ирүүлсэн техникийн баримт бичиг, микроскопын бүртгэл болон анхны өгөгдлийг нарийвчлан дахин шалгаж эхэлснээ мэдэгдээд байна.
Энэхүү хэрэг нь цаашид шинжлэх ухааны гэрэл зургийн уралдаануудад хиймэл оюун ухааныг ашиглах хязгаарлалтыг улам чангаруулах шаардлагатайг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.