Зэвсэгт хүчний анги, салбаруудад иж бүрэн үнэлгээ хийж, 232 эрсдэлийг бууруулжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, осол, зөрчил үүсгэж болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж бууруулах, хүний эрх, дотоод хяналтын орчныг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний бүх анги, салбарт иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийжээ.

БХЯ-ны мэдээлснээр, энэ удаагийн үнэлгээ нь зөвхөн дүрмийн бус харилцаа, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа бий эсэхийг шалгасан ажил биш юм. “Аюулгүй орчин”, “Аюулгүй тогтолцоо”, “Аюулгүй харилцаа” гэсэн үндсэн зорилтын хүрээнд барилга байгууламж, цахилгаан% инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт, хүний нөөц, сэтгэл зүй, хүний эрх, дүрмийн бус харилцаа, гомдол мэдээлэх тогтолцоо зэрэг хүрээг хамруулсан байна.

Үнэлгээний эхний шатанд илэрсэн эрсдэлүүдээс нийт 232 эрсдэлийн түвшинг бууруулж, зарим асуудлыг тухайн анги, салбарын түвшинд шуурхай шийдвэрлэв. Харин барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, техник тоног төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлыг төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан үе шаттай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд хариуцлагын тогтолцоо, дотоод хяналт, технологийн шийдэл, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалт, хүний нөөц, сэтгэл зүйн үнэлгээ, хөндлөнгийн хяналтын хэрэгжилтийг мөн шалгасан байна. Камерын хяналтын тогтолцоог нэгтгэн тооцоход нийт анги, салбаруудын 80 хувь нь хангалттай, 20 орчим хувьд нь нэмэлтээр камерын хэрэгцээ байгааг тогтоов. Камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд яаралтай мэдээлэл дамжуулах технологийн шийдэл нэвтрүүлэхээр “онцгой товчлуур”-ыг 76 цэгт туршиж байна. Мөн зарим ангид гар утасны Emergency SOS, олон хэрэглэгчид зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлжээ.

Зэвсэгт хүчний анги салбарууд дотоод хяналтын хүрээнд 48 төлөвлөгөөт, 23 төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, нийт анги салбарын хэмжээнд 300 гаруй дутагдал илрүүлсэн байна. Үүнээс 60 хувийг нь газар дээр нь арилгуулсан бол үлдсэн 40 хувьд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд дахин хяналт тавихаар ажиллаж байна.

Иж бүрэн үнэлгээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбарын 3500 гаруй алба хаагчийг хүний эрхийн судалгаанд хамруулсан. Судалгаагаар хүний эрхийн талаарх ерөнхий ойлголт, тодорхой дотоод хяналтын механизм бүрдсэн хэдий ч удирдлага-алба хаагчийн харилцааны талаар гомдол мэдээлэх суваг, нууцлал, хараат бус шийдвэрлэлт зэрэг чиглэлд цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг тогтоолоо.

Иймд гомдол, мэдээллийг нууцлалтай, найдвартай хүлээн авах суваг, гомдол гаргагчийг хариу дарамтаас хамгаалах механизм, хүний эрх, харилцааны сургалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Иж бүрэн үнэлгээний дараагийн шатанд илэрсэн эрсдэл бүрт хугацаатай арга хэмжээ авч, эрсдэлийн түвшин бодитоор буурсан эсэхийг дахин үнэлэх, анги, салбарын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлыг төсөв, хөрөнгө оруулалт, удирдлагын шийдвэртэй уялдуулан үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарын зорилго нь осол, зөрчил гарсны дараа арга хэмжээ авдаг хэлбэрээс эрсдэлийг урьдчилан илрүүлж, бууруулж, дахин хянадаг тогтолцоонд шилжих юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.