Д.Даваабаяр: Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед импортын шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгарч байна

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлттэй холбоотой үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах Шуурхай штаб хуралдаж, улсын хэмжээний шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) Газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр дараах мэдээллийг өглөө. 

АМГТГ-ын Газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр: 

-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны нийт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг болохыг онцлоод, өнөөдрийн байдлаар импорт болон төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. 

Есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11,000 тонн онгоцны түлш буюу нийтдээ 257,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун импортоор орж ирээд байна.

Мөн есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар төмөр замаар тээвэрлэгдэж буй АИ-92 автобензиний хэмжээ 140 вагон буюу 8,400 тонн байгаагаас 49 вагон буюу 2,900 тонныг нь өртөөний агуулахуудад хүлээн авч, буулгалтыг хийж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 12,500 тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй, АИ-95 автобензин 14 хоногийн нөөцтэй, Дизель түлш: 85,600 тонн буюу 21 хоногийн нөөцтэй, Онгоцны түлш: 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна.

Есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 168 ШТС руу 1,848 тонн, орон нутгийн 78 ШТС руу 1,002 тонн АИ-92 бензиний ачилтыг хийж ажилласан. 

Түүнчлэн ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин нийлүүлэгдэн Замын-Үүд өртөөн дээр шилжүүлэн ачилт хийгдэж, Улаанбаатар хотод эхнээсээ орж ирэн ШТС-уудаар борлуулагдаж эхлээд байна. БНХАУ-аас шатахуун импортлоход нарийн болон өргөн царигийн ялгаатай холбоотойгоор вагон хооронд шилжүүлэн ачих ажиллагаа хийгддэг тул тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулагддаг. Харин ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөгөөр шууд орж ирсэн вагоноороо Толгойт, Рашаант өртөөд болон Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд дахь агуулахуудад буун хэрэглэгчдэд хүрч байна. 

ОХУ-аас цистерн вагоны олдоц хомс байснаас шалтгаалан сүүлийн гурав хоногт харьцангуй бага хэмжээний ачилт хийгдсэн хэдий ч төмөр замаар орж ирсэн вагонуудыг шуурхай буулгаж, ШТС-уудад түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар “УБТЗ” ХНН-ийн сүлжээнд 1,200 орчим вагон байгаа нь төмөр зам дээр ачаалал үүсгэсэн. 

Есдүгээр сарын 28-ны байдлаар ОХУ-аас захиалсан хэмжээнээс үлдсэн 15,000 тонн шатахуун тус улсын төмөр зам болон үйлдвэрүүд дээр ачигдаж байгаа тул есдүгээр сарын үлдэгдэл нийлүүлэлт ойрын өдрүүдэд тасралтгүй орж ирнэ. 

Улсын хэмжээнд 1,600 орчим, Улаанбаатар хотод 260 гаруй ШТС үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв улсын хэмжээний 1,600 ШТС-д тус бүр 10 тонн шатахуун түгээнэ гэвэл 16,000 тонн, нийслэлийн 260 шатахуун түгээх станцад тус бүр багадаа 10 тонноор өдөрт хүргэнэ гэж тооцвол өдөрт 2,600 тонн АИ-92 бензин шаардлагатай. 

Одоогийн байдлаар нөөц хараахан хангалттай хуримтлагдаж амжаагүй байгаатай холбоотойгоор төмөр замаар буусан бүтээгдэхүүнийг агуулахад хураалгүй, шууд л ШТС-ууд руу ачиж байна. Өмнө нь агуулахуудад тодорхой нөөц бүрдсэн үед ШТС-уудын үлдэгдэл, борлуулалтын хурдыг харгалзан төлөвлөгөөтэй, цаг хугацааны хувьд оновчтой хуваарилалт хийх боломжтой байсан. Харин одоо вагоноос шууд буулгаж түгээж байгаа тул зарим ШТС дээр шатахууны тасалдал үүсэх, хүргэгдсэн шатахуун хурдан дуусаж дараалал үүсэх нөхцөл бий болоод байна. 

Дэлхий нийтэд ч газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, ложистикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед импортын шатахууныг зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэх шаардлага тулгараад байна.

Монголчууд бид энэхүү хүнд цаг үеийг нэгдмэл санаа зорилготойгоор хамтдаа даван туулах учиртай. Есдүгээр сарын болон аравдугаар сарын захиалгат бүтээгдэхүүнүүд тасралтгүй орж ирнэ. Аравдугаар сарын хувьд ч манай улсын хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх захиалгыг баталгаажуулахаар ажиллаж байна. Иймд иргэд маань "шатахуун тасрах нь, нийлүүлэлт зогсох нь" гэсэн худал ташаа мэдээлэлд автахгүй, хүлээцтэй хандаж, хэрэгцээнээсээ илүү нөөцлөхгүйгээр өдөр тутмын хэрэгцээндээ тохируулан авахыг уриалж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.