Говь-Алтай аймагт малын гоц халдварт годрон өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд малын гоц халдварт годрон өвчин бүртгэгдсэн байна. Тодруулбал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн есдүгээр сарын 27-ны өдрийн шинжилгээний сорьцоор тус тосгонд малын гоц халдварт годрон өвчин оношлогдож, батлагджээ.
Мөн тус аймгийн Цогт суманд уг өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан 2026 оны есдүгээр сарын 27-ны өдөр гурван мянга гаруй ямааг устгалд оруулаад байгаа талаар мэдээллээ.
Годрон өвчний халдвар авсан ямаа хөдөлж чадахгүй болох, зогсохдоо хөлөө солбиж гуйвах, толгойгоо унжуулах, амнаас нь хөөстэй шүлс гарах, түүнчлэн хамраас нь салст идээт шингэн гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Халдвар авсан малд өвчний шинж тэмдэг 2-3 хоног үргэлжилж, улмаар үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй болохыг Мал эмнэлгийн газраас сэрэмжлүүллээ.
Иймд малчдыг малаа тогтмол ажиглаж, өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн даруйд харьяа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд холбогдох албанаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахин мөрдөх шаардлагатайг Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.